БШУЯ-ны ШУТС-ийн захирал, доктор (Ph.D.) Д.Одгэрэл 2023 оны 03 дугаар сарын 24-ний өдөр Батлан хамгаалахын эрдэм шинжилгээний хүрээлэнд ажиллаж, үйл ажиллагаатай нь танилцлаа.
Уг арга хэмжээний үеэр ШУТС-ийн захирал Д.Одгэрэл БХЭШХ-ийн танилцуулга сонсож, судалгаа хөгжүүлэлтийн ажлын бүтээлийн үзэсгэлэн, ҮБХИС-ийн музей, буудлагын сургуулилтын байртай танилцан, эрдэмтэн, судлаачидтай уулзаж санал бодлоо солилцлоо.
“Аюулгүй байдал, батлан хамгаалах судлал, цэргийн шинжлэх ухааныг хөгжүүлж, шинжлэх ухаан, технологи, инновацын үр дүнгээр үндэсний аюулгүй байдал, батлан хамгаалах үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх” эрхэм зорилготой тус хүрээлэн нь шинжлэх ухаан технологийн сангийн дэмжлэгтэйгээр судалгааны ажлуудыг амжилттай хэрэгжүүлсээр ирсэнд БШУЯ-ны ШУТС-ийн захирал, доктор (Ph.D.) Д.Одгэрэл талархал илэрхийллээ.
Талууд цаашид салбарын шинжлэх ухаан технологийн бодлого, судалгаа хөгжүүлэлтийн ажилд тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд идэвхтэй хамтран ажиллахаар тохиролцов.