ҮБХИС-ийн ГХСТөв нь Батлан хамгаалах яамны захиалгат гадаад хэлний “дунд шат”-ны дамжаа эхэлж байгаатай холбогдуулан суралцагчдад цаг хугацаагаа үр бүтээлтэй, өгөөжтэй өнгөрүүлэх, явцаа төлөвлөх, цаашид суралцах зорилго, чиглэлээ баримжаалах сэдэл болгох зорилгоор тус арга хэмжээг “Сүбэдэй” танхимд зохион байгууллаа.
Үйл ажиллагааны эхэнд Бүгд Найрамдах Энэтхэг улсаас ирсэн зочин багш, хошууч Дипак Бирнхамд талархал, дурсгалын зүйл гардууллаа.
Үйл ажиллагааны үндсэн хэсэгт Монгол Улсын Их Сургуулийн Олон Улсын Харилцаа Нийтийн Удирдлагын Сургуулийн багш Б.Баярцэнгэл өөрийн гадаад хэл болон гадаад улсад сурсан туршлагаа цэргийн түүх, соёл, хувцасны талаарх сонирхолтой баримтуудтай хамтатгасан илтгэл танилцуулж, дамжааны суралцагчидтай чөлөөтэй ярилцлаа.
Хоёр дахь хэсэгт гадаад хэлний дамжаа бүрээс сонгогдсон 1 суралцагч оролцон “Буухиа” /нэг хүн эхлээд яригч, дараа нь хөтлөгч болох замаар үргэлжлэх ярилцлагын хэлбэр/ ярилцлага өрнүүлсэн нь 6 хэлний 8 дамжааны бүрэлдэхүүн бие биентэйгээ санал бодол, туршлагаа хуваалцах шинэлэг шийдэл боллоо.
Мөн ГХСТ-ийн дэд профессор, франц хэлний багш Н.Уранчимэг “Гадаад хэлний мэдлэгтэй байх нь сэтгэл зүйн эрүүл мэндэд эерэгээр нөлөөлөх нь” сэдвээр шинжлэх ухааны баримтуудыг өөрийн туршлага, жишээгээр баяжуулан мэдээлэл хийсэн багш, суралцагчдад эерэг сэтгэгдэл төрүүлсэн хэрэг боллоо.
Төгсгөлд нь ГХСТ-ийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч, ахлах дэслэгч З.Дөлгөөнзул дамжааны бүрэлдэхүүний дагаж мөрдөх нийтлэг дүрмийг танилцуулснаар үйл ажиллагаа өндөрлөлөө.