БХЭШХ-ийн судалгаа шинжилгээ, инноваци, үйлдвэрлэлийн үйл ажиллагааг Монгол Улсын БШУЯ, ШУА, ШУТҮЗ, ШУТС зэрэг байгууллагууд байнга дэмжин аюулгүй байдал, батлан хамгаалах бодлого, цэргийн шинжлэх ухааны судалгаа хөгжүүлэлтийг эрчимжүүлэх, гарсан үр дүн, ач холбогдлыг дэлгэрүүлэхэд чиглэсэн олон талт ажлуудыг хамтран зохион байгуулж ирсэнд бид үргэлж талархаж байдгаа илэрхийлэхийн хамт Та бүхний эрдэм судлалын ажилд өндөр амжилтыг хүсэн ерөөе.
Сүүлийн 20 гаруй жилийн хугацаанд БХЯ-ны ШУТЗ-ийн захиалгаар батлан хамгаалах салбарт суурь болон салбарын хэрэгцээт судалгаа шинжилгээний 30 орчим төслийн ажлыг ШУТС-аас санхүүжүүлсэн байдаг. Эдгээр төсөлт ажлуудын дийлэнхийг батлан хамгаалах салбарын эрдэм шинжилгээний ууган байгууллага болох Батлан хамгаалахын эрдэм шинжилгээний хүрээлэн дангаар гүйцэтгэж ирсэн.
Тус хүрээлэн нь 2021-2023 онд ШУТС-ын санхүүжилтээр суурь судалгааны 2 төслийн ажил, салбарын захиалгат 5 төслийн ажлыг амжилттай хэрэгжүүлэн үр дүнг хүлээлгэж өгөөд байна.
Тухайлбал, Монгол Улсын “Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн”, доктор (Sc.D), профессор О.Үржингийн удирдлагаар “Монгол Улсын аюулгүй байдлыг хангахад “гуравдагч хөрш”-ийн бодлогын үзүүлэх нөлөөлөл” төслийн ажил гүйцэтгэж, түүний үр дүнд Монгол Улсын “гуравдагч хөрш”-ийн бодлого ба хоёр хөрштэй тэнцвэртэй харилцах бодлогын парадигм, “Аюулгүй байдал ба “гуравдагч хөрш”-ийн бодлого” нэг сэдэвт бүтээл туурвисан болно.
Мөн доктор (Ph.D), профессор, бригадын генерал Ч.Сосорбарам удирдагчтай төслийн баг “Үндэсний ой санамж, үнэт зүйлсийг сэргээн тодорхойлох замаар үндэсний аюулгүй байдлыг бэхжүүлэх нь” сэдэвт төслийн ажил гүйцэтгэж, түүний үр дүнгээр Монгол Улсын иргэдэд үндэсний ой санамж, үнэт зүйлсийн талаарх судалгааны санал, зөвлөмж боловсруулсан ба “Үндэсний ой санамж, үнэт зүйлс” сэдэвт судалгааны бүтээл хэвлүүлэн олны хүртээл болгоод байна.
Түүнчлэн доктор (Sc.D), профессор А.Хүү-Ухна удирдагчтай төслийн баг “Тийрэлтэт сумны хатуу түлш үйлдвэрлэх технологи боловсруулах” төслийн ажлыг гүйцэтгэж, түүний үр дүнгээр Монгол орны тэсрэх бодис, дарийн түүхий эдийн судалгаа хийгдэн, батлан хамгаалах аж үйлдвэрийг хөгжүүлэх, түүнчлэн улс ардын аж ахуй, уул уурхайн тэсрэх бодис, хэрэглээний химийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх бололцоотойг нотлон, “Пиротехник судлал” – 3 боть, ”Тийрэлтэт сум, пуужингийн хатуу түлш”, “Хатуу түлштэй сургалтын хэрэгсэл, гранатыг бэлтгэх”, цэргийн сургалтад хэрэглэх аргачлал зэрэг онол, арга зүйн 5 бүтээл хэвлүүлсэн.
2024 онд түүхт 45 жилийнхээ ойг тэмдэглэх БХЭШХ нь шинжлэх ухааны хөгжил, судалгаа хөгжүүлэлтийн ажлыг санхүүжүүлж бодит дэмжлэг үзүүлж ирсэн БШУЯ, ШУА, ШУТҮЗ, ШУТС болон хамтран ажилладаг судалгааны хүрээлэнгүүд, МУИС, ШУТИС, ХААИС, БИС зэрэг байгууллагуудтай нягт холбоотой ажиллаж, улс орны аюулгүй байдлыг хангах, цэргийн шинжлэх ухааныг хөгжүүлэх үйлсдээ өндөр амжилт гаргах зориг, эрмэлзэл дүүрэн ажиллаж байна.
БАТЛАН ХАМГААЛАХЫН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХҮРЭЭЛЭН