ЭМГЭНЭЛ

ЯДМААГИЙН ЧОЙЖАМЦ (1956-2024)
Бидний журмын нөхөр, төр нийгмийн нэрт зүтгэлтэн, Үндэсний Батлан Хамгаалахын Их Сургуулийн хүндэт профессор хошууч генерал Я.Чойжамц нь 2024 оны 1 дүгээр сарын 10-ны өдөр хүнд өвчний улмаас таалал төгсөж, бидэнд нөхөж баршгүй хүнд гарз, их уй гашуу тохиолоо.
Тэрбээр 1956 онд Говь-Алтай аймгийн Халиун суманд төрж, Ерөнхий боловсролын дунд сургууль, Цэргийн Ерөнхий Дээд Сургууль, ЗХУ-ын М.Фрунзын нэрэмжит Ерөнхий Цэргийн Академи, АНУ-ын Батлан хамгаалахын нөөцийн менежментийн институт, АНУ-ын Аж үйлдвэрийн коллежийг тус тус төгссөн. Мөн Сингапур, Япон, Финланд, Бруней, БНСУ, АНУ, Англи, Итали Улсад мэргэжил дээшлүүлж, цэргийн болон нөөцийн стратегийн шинжлэх ухааны магистрын зэрэг, профессор цолыг эзэмшжээ.
Хошууч генерал Я.Чойжамц нь 1978 оноос Зэвсэгт хүчний анги, байгууллагуудад салаа, ротын захирагч, тагнуулын дарга, батальоны захирагч, ангийн захирагч, ЗХЖШ-ын мэргэжилтэн, ахлах мэргэжилтэн, Цэргийн Их сургуулийн Оперативын факультетын орлогч дарга, дарга, сургуулийн дэд захирал, захирлын үүрэг гүйцэтгэгч, БХЯ-ны СУБТ-ийн газрын дарга, ЗХЖШ-ын даргын зөвлөх, АНУ-ын Төвийн Командлалын дэргэд суух Үндэсний ахлах төлөөлөгч, ЗХЖШ-ын орлогч дарга, Энхийг Сахиулах ажиллагааны газрын дарга, Энхийг дэмжих, хамтын ажиллагааны газрын дарга, ЗХЖШ-ын дэд дарга, АНУ-ын Төвийн Командлалын дэргэд суух Үндэсний ахлах төлөөлөгч, БХЯ-ны ТЗУГ-ын дарга, Төрийн нарийн бичгийн дарга, Батлан хамгаалахын их сургуулийн захирлын албан тушаалыг нэр төртэй хашиж ирсэн цэргийн нэрт зүтгэлтэн юм.
Тэрээр Зэвсэгт хүчинд салааны захирагчаас ЗХЖШ-ын даргын орлогч хүртэл дэвшин ажиллахдаа команд штабын олон шатны албан тушаал, цэргийн боловсон хүчнийг бэлтгэх сургалтын байгууллага, Зэвсэгт хүчний удирдлагын төв болон Батлан хамгаалах асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага зэрэг салбарын бүхий л түвшинд ажиллаж, цэргийн сургалтын агуулга, арга зүйг шинэчлэх, дэвшилтэт технологи, орчныг бүрдүүлэх, батлан хамгаалах салбарын өөрчлөлт, шинэчлэлтийн үйл явцыг удирдан чиглүүлэх, хэрэгжүүлэхэд манлайлан оролцож, түүнийг үр дүнд хүргэхийн төлөө, түүний дотор Монгол Улсын Зэвсэгт хүчний төлөөллийг НҮБ-ын энхийн болон олон улсын цэргийн ажиллагаанд оролцох үйл явцыг эхлүүлэх, хэрэгжүүлэх, амжилтанд хүргэхэд өөрийн бүхий л мэдлэг, чадвар, туршлагаа дайчлан ажилласан манай Зэвсэгт хүчний чадварлаг туршлагатай удирдах ажилтны нэгэн байлаа.
Хошууч генерал Я.Чойжамц нь Зэвсэгт хүчний дээд удирдлагын бүрэлдэхүүнд багтан ажиллахдаа төрийн батлан хамгаалах бодлого Зэвсэгт хүчнийг шинэчлэн, түүнийг гүйцэтгэх үүрэгт нь бэлтгэх, цэргийн баг, бүрэлдэхүүнийг НҮБ-ын энхийг дэмжих ажиллагаанд оролцуулах асуудлыг хэрэгжүүлэх чиглэлээр дайчин давшингуй ажилласны дүнд тэдгээрийн эрх зүй, бодлогын болон сургалтын үндэс бүрэлдэн тогтож, төр, засгийн дээд түвшинд дээрх асуудлаар дэмжлэг авч чадсан юм.
Түүний идэвхтэй оролцоотойгоор Зэвсэгт хүчний цэргийн баг, алба хаагчдыг НҮБ-ын энхийн болон олон улсын цэргийн ажиллагаанд оролцуулах үндэсний болон олон улсын эрх зүйн үндсийг бүрдүүлэх үйл явц амжилттай хэрэгжсэн нь улс орныг батлан хамгаалах зорилтыг улс төр дипломатын арга хэрэгслээр хангах арга зүй, үндэслэлийг бий болгоход үлэмж чухал хувь нэмэр болсон билээ.
Монгол Улсын Зэвсэгт хүчнээс цэргийн багийг “Иракийн эрх чөлөө” олон улсын цэргийн ажиллагаа, “Афганистаны Үндэсний Армийг хөгжүүлэх хөтөлбөр”, Косово, Сьерра Леон Улсад НҮБ-аас явуулж буй энхийн ажиллагаанд оролцуулах асуудлыг хэрэгжүүлэх талаар холбогдох олон улсын байгууллага, гадаадын орнуудын цэргийн дээд удирдлагын байгууллагуудтай тохиролцох, уг асуудлуудын саналын үндэслэл, тооцоог бэлтгэх, дээд байгууллагад мэдүүлэн шийдвэр гаргуулахтай холбогдсон удирдлага, зохион байгуулалтын ажилд өөрийн жинтэй хувь нэмрийг оруулсан.
Хошууч генерал Я.Чойжамц Энхийг сахиулагчдын мэргэжлийн бэлтгэлийг хангуулах асуудалд ихээхэн ач холбогдол өгч, хоёр талын болон олон улсын хамтарсан хээрийн сургалт, дадлагад Зэвсэгт хүчний энхийг сахиулагчдыг түлхүү оролцуулахад анхааран ажилласны үр дүнд сүүлийн жилүүдэд АНУ, Энэтхэг, Турк, Англи, Герман, Бельгийн Вант улсын Зэвсэгт хүчний энхийг сахиулагчидтай явуулдаг хамтарсан сургууль тогтмолжин, жил бүр 10 орчим орон оролцсон энхийг сахиулахын “Хааны эрэлд” хээрийн сургалт дадлагыг өөрийн эх орондоо зохион байгуулах эхлэлийг тавьсан нь өнөөг хүртэл амжилттай хэрэгжиж, бүс нутгийн орнуудад томоохонд тооцогдох энхийг дэмжих ажиллагааны олон улсын сургалт дадлага болтлоо өргөжин нэр хүнд нь өссөний дээр дээрх сургалт дадлагуудад Монголын Зэвсэгт хүчний олон зуун цэргийн алба хаагчид оролцон мэргэжлийн бэлтгэлээ дээшлүүлэх боломжтой болсон юм.
Тэрээр Үндэсний батлан хамгаалахын их сургуулийн сургалтын хөтөлбөрүүдийг ЮНЕСКО-гийн стандартад шилжүүлэх, сургалтын цахим удирдлагын тогтолцоог нэвтрүүлэх, багш нарын хөгжлийг дэмжих шинэ бодлогыг тодорхойлон хэрэгжүүлэх, их сургуулийн засаглалын үр өгөөжийг нэмэгдүүлэх, оюутан сонсогчдын бие даан өөрийг хөгжүүлэх орчин нөхцөлийг сайжруулах чиглэлээр хэд хэдэн төслийг амжилттай хэрэгжүүлэн үр дүнд хүрсэн.
Цэргийн нэрт зүтгэлтэн, ҮБХИС-ийн хүндэт профессор хошууч генерал Я.Чойжамц нь өөрийн хариуцсан албан тушаалын үүргээ үлгэр жишээ биелүүлдэг, хамт олны дунд нэр хүндтэй тэргүүний алтан мөрдэстөн байсан бөгөөд түүний бусдад үлгэр дуурайлал болсон хүнлэг энэрэнгүй, хамтач зан чанар, гэгээн дүр төрх, бүтээлч үйл хэрэг нь бидний зүрх сэтгэлд мөнхөд дурсагдах болно.
Талийгаачийн гэр бүл, үр хүүхэд, төрөл төрөгсөд, найз нөхөд, цэнхэр дуулгатан, хамтран зүтгэгчдэд нь гүн эмгэнэл илэрхийлье.
Мөнх амгалангийн оронд энх орших болтугай.
БАТЛАН ХАМГААЛАХ ЯАМ, ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ ЖАНЖИН ШТАБ, ҮНДЭСНИЙ БАТЛАН ХАМГААЛАХЫН ИХ СУРГУУЛЬ, ГОВЬ-АЛТАЙ АЙМГИЙН ХАЛИУН СУМЫН УЛААНБААТАР ХОТ ДАХЬ НУТГИЙН ЗӨВЛӨЛ