ЗХЖШ-ЫН ДАРГА ХОШУУЧ ГЕНЕРАЛ С.ГАНБЯМБА БХУА-Д АЖИЛЛАЛАА

ЗХЖШ-ын дарга хошууч генерал С.Ганбямба ҮБХИС-ийн БХУА-д ажиллалаа. Түүнийг хүрэлцэн ирэхэд ҮБХИС-ийн хүндэт харуул жагсаж, ёслол төгөлдөр угтлаа. Үүний дараа БХУА-ийн захирал бригадын генерал Л.Онцгойбаяр тус академийн үүх түүх, үйл ажиллагаа, дэвшүүлсэн зорилго зорилт, ололт амжилт, хийж хэрэгжүүлсэн болон цаашид төлөвлөсөн ажлуудын талаар мэдээлэл өгсөн юм. Мөн хошууч генерал С.Ганбямба БХУА-ийн сургалтын орчинтой танилцсаны дараагаар бие бүрэлдэхүүнтэй уулзсан юм. Тэрээр Зэвсэгт хүчний үйл ажиллагаа, бодлого зорилтын хэрэгжилт, түүний үр дүн болоод офицер, ахлагч нарын нийгмийн хамгааллыг сайжруулах чиглэлээр хийгдэж байгаа ажлуудын талаар мэдээлэл өгөв. Энэ хүрээнд Батлан хамгаалах салбарын удирдлагуудын санаачилга, дэмжлэгтэйгээр салбарын эрх зүйн шинэчлэл гүнзгийрч, алба хаагчдын цалинг 3-5 шат, 40-80 хувиар нэмэгдүүлж бусад төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын алба хаагчдынхтай адил түвшинд хүргэсэн нь нийгмийн хамгааллыг сайжруулахад томоохон хувь нэмэр оруулсан гэдгийг онцолж байв. Түүнчлэн чухал хуулиуд УИХ-аар хэлэлцэн батлагдаж, сүүлийн 30 гаруй жил шийдэгдээгүй Зэвсэг, техникийг сэргээн сайжруулах асуудлыг шийдвэрлүүлсэн нь төр, засгаас Зэвсэгт хүчнийг дэмжихэд онцгой анхаарч байгаагийн илрэл хэмээв.