МЭНДЧИЛГЭЭ

Монгол Улсын Батлан хамгаалах салбар, Зэвсэгт хүчнийг хөгжүүлэх үйлсэд өөрсдийн эрдэм ухаан, оюун билиг, хүч хөдөлмөрөө зориулж ирсэн үе үеийн ахмадууд, эрдэмтэн багш, генерал, офицер, ахлагч, ажилтан албан хаагч, сонсогч, оюутан, сурагч Та бүхэндээ ирж буй XVII жарны “Хилэнт эх” хэмээх Модон луу жилийн сар шинийн мэндийг Үндэсний батлан хамгаалахын их сургуулийн эрдмийн болон захиргааны зөвлөлийн гишүүдийн нэрийн өмнөөс өргөн дэвшүүлье.
Үндэсний батлан хамгаалахын их сургуулийн нийт бие бүрэлдэхүүн өнгөрсөн онд бодлогын хүрээнд дэвшүүлсэн зорилго, зорилтуудаа бүрэн ханган ажиллаж цэргийн мэргэжлийн дээд байгууллага болон төр засгаас өгсөн үүрэг даалгаврыг амжилттай биелүүлж, бүтэц зохион байгуулалтыг боловсронгуй болгох, сургалт бэлтгэлийн тогтолцоог шинэчлэх, бэлэн байдлаа дээшлүүлэх, багш сурагчдыг хөгжүүлэх, энхийг дэмжих ажиллагаа, олон улсын сургалт, хурал зөвлөгөөн, хамтын ажиллагаа, улс орны бүтээн байгуулалтад оролцох оролцоог нэмэгдүүлэх, дотоод хяналт шалгалтыг сайжруулах, гэмт хэрэг, осол, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хөдөлмөрийн аюулгүй байдлыг чанд сахих, бие бүрэлдэхүүний ажиллах, амьдрах орчин нөхцөл, нийгмийн хамгааллыг сайжруулахад чиглэгдсэн олон талт үйл ажиллагааг амжилттай хэрэгжүүлэн ажиллаж байна.
Тус сургуулийн нийт бие бүрэлдэхүүн хуулиар хүлээсэн чиг үүргүүдийг нэр төртэйгөөр биелүүлж, ололт амжилтаа улам бүр бататгахын зэрэгцээ ирэх онд бодлогоор дэвшүүлсэн зорилго, зорилтуудаа хамтын хүчин чармайлт, идэвх зүтгэл, бүтээлч санаачилгатай ажиллагааны үр дүнд амжилттай шийдвэрлэж чадна гэдэгт итгэлтэй байна.
Монгол Улсынхаа Батлан хамгаалах салбар Зэвсэгт хүчний төдийгүй иргэний салбарын сайн сайхан хөгжлийн төлөө эрдэм ухаанаа дайчлан, эрдэм номын их үйлсэд хоёргүй сэтгэлээр хүчин зүтгэж яваа эрдэмтэн багш нар, генерал, офицер, ахлагч, ажилтан албан хаагч, сонсогч, оюутан, сурагч Та бүхэндээ ажил хөдөлмөрийн амжилт, амьдралын сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.
Айл өрх бүхэн эрүүл энх, тэнүүн жаргалтай байж, сар шинэдээ сайхан шинэлээрэй.