ҮБХИС-ИЙН ГАДААД ХЭЛНИЙ СУРГАЛТЫН ТӨВИЙН БАГШ Н.УРАНЧИМЭГТ ФРАНЦ УЛСЫН ЭРДМИЙН ДАЛДУУ МОД ШАГНАЛЫН “ХҮЛЭГТ БААТАР” ЗЭРГИЙН ОДОН ГАРДУУЛЛАА

БНФУ-ын Засгийн газрын “Пальм академик” буюу “Эрдмийн далдуу мод” шагналын “Хүлэгт баатар” зэргийн одон гардуулах ёслолын ажиллагаа ҮБХИС-ийн “Сүбэдэй” олон улсын хурлын танхимд энэ оны 02-р сарын 27-ны өдөр тохиолоо. ҮБХИС-ийн Гадаад хэлний сургалтын төвийн багш Н.Уранчимэгийн франц хэл, соёлыг таниулах үйлсэд оруулсан олон жилийн хөдөлмөрийг өндрөөр үнэлэн энэхүү БНФУ-ын Засгийн газрын “Хүлэгт баатар” зэргийн одонг олгож буй бөгөөд шагналыг БНФУ-ын онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Сэбастиен Сүрүн гардуулав.
Еслолын ажиллагаанд БНФУ-ын онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Сэбастиен Сүрүн, БХЯ-ны Гадаад хамтын ажиллагааны газрын дарга хурандаа Т.Наранхүү, ҮБХИС-ийн захирал, профессор бригадын генерал П.Жаргалан, БНФУ-ын Батлан хамгаалахын суурин бус цэргийн атташе дэд хурандаа Амандин Кро нарын албаны хүмүүс болон ҮБХИС-ийн ГХСТ-ийн хамт олон, гадаад хэлний дамжаанд суралцагчид оролцов.
Энэхүү “Пальм академик-Эрдмийн далуу мод” шагнал нь анхлан Наполеон Бонопартын санаачилгаар 1808 оноос эхлэн Франц улсын төлөө гавъяа байгуулсан иргэдэд олгож эхэлсэн байна. Өдгөө тус шагналыг Франц Улсын боловсрол, шинжлэх ухаанд гавьяа байгуулсан эрдэмтэн, багш, сурган хүмүүжүүлэгчдэд болон Францын соёлыг хилийн чанадад түгээн дэлгэрүүлэхэд дорвитой хувь нэмэр оруулсан гадаадын иргэдэд олгодог аж. Монгол Улсад одоогоор тус одонг Н.Уранчимэг багшаас гадна МУИС-ийн франц хэлний дөрвөн багш хүртээд байна.
Дашрамд дурдахад Монгол Улсын Батлан хамгаалахын салбарт гадаад хэл зааж ирсний 50 жилийн ой энэ оны 11 дүгээр сард тохионо.