БАТЛАН ХАМГААЛАХЫН ДЭД САЙД Б.БАЯРМАГНАЙ ҮНДЭСНИЙ БАТЛАН ХАМГААЛАХЫН ИХ СУРГУУЛИЙН ОЮУТНУУДТАЙ УУЛЗЛАА

Монголын оюутны эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан Батлан хамгаалахын дэд сайд Б.Баярмагнай Үндэсний батлан хамгаалахын их сургуулийн оюутнуудтай уулзаж, тулгамдаж буй асуудлыг сонслоо.
Тус уулзалтаар ҮБХИС-ийн оюутнуудад тулгамдаж буй асуудлыг тодотгож, хэлэлцүүлэг өрнүүлэн, дараагийн түвшинд тодорхойлох судалгаанд хамруулсан юм.
Уулзалтын төгсгөлд 2024 оны гуравдугаар сард Монгол Улсын Ерөнхий сайдын ивээл дор зохион байгуулах STUDENT DAY 2.0-уулзалтад оролцож, тулгамдаж буй асуудал, санал шийдлээ хуваалцах оюутнуудыг бүртгэлээ.
“STUDENT DAY” нь шинэ үеийн залуусын сайн туршлагыг хуваалцах, тулгамдаж буй асуудалд шийдэл дэвшүүлэх, нийгэмд эерэг давлагааг эхлүүлэх зорилготой бөгөөд шийдэл, боломжийг эрэлхийлэгч оюутан, залуусын хамгийн том цугларалт юм.
Уг цугларалт нь Монголын оюутны эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан 2023 онд анх удаа зохион байгуулагдсан бөгөөд энэ онд Монгол Улсын Ерөнхий сайдын ивээл дор 2 дахь жилдээ зохион байгуулагдах гэж байна.