МОНГОЛ УЛСЫН ҮНДЭСНИЙ БАТЛАН ХАМГААЛАХЫН ИХ СУРГУУЛИЙН 94 ДЭХ УДААГИЙН ТӨГСӨЛТИЙН БАЯР БОЛЛОО

Монгол Улсын боловсролын ууган их сургуулиудын нэг, яруу алдарт 103 жилийн түүхт, эрдэм номын их уурхай болсон Жанжин Д.Сүхбаатарын нэрэмжит Сүхбаатар ба Байлдааны болон Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонт Монгол Улсын Үндэсний батлан хамгаалахын их сургуулийн 94 дэх удаагийн төгсөлтийн баярын ёслол хүндэтгэлийн үйл ажиллагаа ҮБХИС-ийн жагсаалын талбайд боллоо.
Ёслолын ажиллагаанд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд дэслэгч генерал Г.Сайханбаяр, БХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга бригадын генерал Д.Ганхуяг, Зэвсэгт хүчний Жанжин штабын дарга хошууч генерал С.Ганбямба, БНСУ-аас МУ-д суугаа Батлан хамгаалахын цэргийн атташе Пак Ин Чол, ҮБХИС-ийн захирал, профессор бригадын генерал П.Жаргалан, Дотоод хэргийн их сургуулийн захирал, доктор хурандаа П.Батбаатар болон ҮБХИС-ийн удирдлагын төлөөлөл, төгсөгчид, төгсөгчдийн гэр бүлийн төлөөлөл оролцлоо.
2023-2024 оны хичээлийн жилд ҮБХИС-ийг Доктор, Магистр, Бакалаврын 10 гаруй мэргэжлээр 100 гаруй, Техникийн болон Мэргэжлийн боловсрол олгох 10 гаруй мэргэжлээр 200 гаруй сонсогч суралцан төгсөж байна.
Ёслолын үеэр төгсөгчдөд “Сургууль төгсгөж, боловсролын зэрэг эзэмшүүлэх тухай” ҮБХИС-ийн захирлын тушаал, “Цэргийн цол олгох тухай” Зэвсэгт хүчний Жанжин штабын даргын тушаалыг уншиж танилцуулж, төгсөгчдөд цэргийн цол, мэргэжлийн диплом, энгэрийн тэмдэг гардуулав.
Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд дэслэгч генерал Г.Сайханбаяр шилдэг төгсөгчдөд энгэрийн тэмдэг, диплом гардуулсныхаа дараа баяр хүргэж үг хэллээ. Тэрбээр “Эдүгээ Монгол цэрэг эх орноо батлан хамгаалах төдийгүй НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд амжилттай үүрэг гүйцэтгэж ур чадвар, дайчин чанараараа олон улсад үнэлэгддэг болсон өнөө цаг үед Та бүхэн Монгол Улсын Зэвсэгт хүчний эгнээнд элсэн орж байна.
Түүнчлэн Зэвсэгт хүчин улс оронд байгалийн гамшиг нүүрлэсэн хүнд цаг үед ард иргэдийнхээ эрүүл мэнд, эд хөрөнгийг авран хамгаалах болон эх орныхоо стратегийн томоохон бүтээн байгуулалтад идэвхийлэн оролцож байгаа бөгөөд Та бүхэн ч эдгээрийн тэргүүн шугамд манлайлан үүрэг гүйцэтгэнэ гэдэгт Миний бие итгэл төгс байна.
Өнөөдөр XXI зууны хөгжлийн хурдын их ачааллыг даах чадвартай, дэлхийн аль ч улс орон, бүс нутагт ажиллах чадвартай, насан туршдаа байнгын суралцагч байх шаардлагатай цаг үеийн өмнө бид ажиллаж амьдарч байна.
Иймд ҮБХИС-ийг төгссөн цэргийн алба хаагч Та бүхэн Үндэсний сөрөн тэсвэрлэх чадавхтай, бие бялдар, ёс зүйн өв тэгш хүмүүжил төлөвшилтэй, гадаад хэлний өндөр мэдлэгтэй, эх оронч үзэл, төлөвшлөөрөө үеийн залуусаа үлгэрлэн манлайлагч байж, бусад сургуулиас ялгагдах ёстой юм.
Та бүхэн эх орон, төр, ард түмнийхээ өмнө өргөсөн тангарагтаа үнэнч байж, төрийн албаны чадавхыг бэхжүүлэн, шударга байдлыг тогтоож, ажил албандаа өндөр хариуцлагатай хандан, хамт олноо манлайлахын зэрэгцээ дэлхий нийтийн хөгжилтэй алхаа нийлүүлэн, мэргэжлийн өндөр мэдлэг, ур чадвартай, эрүүл чийрэг бие бялдартай байхыг эрхэмлэж, нэгтгэл, анги, байгууллагынхаа дэвшүүлсэн зорилго, зорилтуудыг амжилттай шийдвэрлэхэд голлох үүргийг гүйцэтгэнэ гэдэгт итгэлтэй байна.
Ингээд Та бүхэндээ эх орноо батлан хамгаалах бодлого, үйл ажиллагааг хэрэгжүүлэх, Төрийн цэргийн байгууллагаа хөгжүүлэн бэхжүүлэх эрхэм их үйлсдээ улам их амжилт гаргаж, эрүүл энх, сайн сайхан байхыг хүсэн ерөөе.” хэмээсэн юм.