АБДС-ийн 2023 оны 2-р сарын арга зүйн өдрийн төлөвлөгөөний дагуу тус сургуулийн ЭШСА, Нийгмийн ухааны тэнхим хамтран “Багшийн хөгжлийн тулгамдсан асуудал, шийдэл” сэдэвт хэлэлцүүлгийг “Багшийн хөгжлийн тулгамдсан асуудал, гарц шийдлийг эрэлхийлэх, харилцан шинэ мэдлэг мэдээлэл, туршлага солилцох, сургалтын үйл ажиллагаанд бүтээлчээр хэрэгжүүлэх” зорилгын хүрээнд мөн оны 2-р сарын 15-ны өдөр амжилттай зохион байгууллаа.
Хэлэлцүүлгийн эхэнд чиглүүлэгч НУТ-ийн дарга, доктор И.Чинбат арга зүйн өдрийн төлөвлөгөө, үйл ажиллагааг товч танилцуулж, албан ёсоор нээв.
Тус хэлэлцүүлэгт “Багшийн хөгжил, цахим сургалтын төв”-ийн ахлах мэргэжилтэн, профессор Я.Чойжамц хоёр дахь удаагаа урилгаар оролцож, их сургуулийн багшийн хөгжил, төлөвшилд тавигдаж буй шаардлага, тулгамдсан асуудал болон түүнийг бүтээлчээр хэрэгжүүлэх арга зам, гарц шийдлийн талаар сүүлийн үеийн шинэ мэдлэг мэдээлэл, арга туршлагаас тус сургуулийн удирдлага, багш нартай хуваалцаж, сонирхсон асуултад дэлгэрэнгүй хариулт өгч, харилцан санал солилцлоо.
АБДС-ийн дэд захирал-ЭШСА-ны дарга, доктор, дэд профессор Г.Балжинням заах арга зүйн өдрийн үйл ажиллагааны төгсгөлд урилгаар оролцсон профессор Я.Чойжамцад нийт багш нарын өмнөөс талархал илэрхийлсний зэрэгцээ “багшийн хөгжлийн асуудлаар шинэлэг мэдлэг мэдээлэл, арга туршлагаа байнга хуваалцах замаар багш нарын сургалт, судалгааны ажлын мэдлэг, ур чадварыг тасралтгүй хөгжүүлэх, харилцан суралцах, улам бүр хөгжин төлөвших үйл явцад өнөөдрийн хэлэлцүүлэг цаг үеэ олсон, өргөн хүрээний үр дүнтэй арга хэмжээ болсон”-ыг онцлон тэмдэглэснээр хэлэлцүүлгийг өндөрлөв.
АБДС-ийн арга зүйн өдрийн үйл ажиллагаанд идэвхтэй оролцсон нийт эрдэмтэн багш нар болон профессор Я.Чойжамц танд сургалт, судалгааны өндөр амжилт, сайн сайхан бүхнийг хүсье.
АБДС-ийн ЭШСА, Нийгмийн ухааны тэнхимийн хамт олон