Үндэсний Батлан хамгаалахын их сургуулийн Ахлагчийн сургуулийн 2010 оны төгсөгчид төрөлх сургуулиараа зочилж, хүндэтгэлийн уулзалт зохион байгууллаа. Уг төгсөлтөөс хоёр ренжер төрсөн онцлогтой.
Хүндэтгэлийн уулзалтын үеэр БХМСҮТ-ийн захирал, тэргүүн ахлагч Э.Гансүх төвийнхөө үйл ажиллагаа болон сургалт, эрдэм шинжилгээ, цаашдын хөгжлийн чиг хандлагын талаар танилцуулга хийлээ. Тэрээр танилцуулгын төгсгөлд хэлсэн үгэндээ, “Ахлагчийн сургуулийн 2009-2010 оны хичээлийн жилд суралцаж төгссөн төгсөгч нарын төлөөлөл өнөөдөр Монгол Улсын Зэвсэгт хүчний 4, 6 дахь ренжерүүддээ хүндэтгэл үзүүлэх ажиллагааг зохион байгуулж байгаа явдалд төрөлх сургуулийн тань удирдлага, хамт олон маш их баяртай байна. Бид ч мөн анхны тодотголтой ренжер ахлагч нараараа маш их бахархдагаа энд хэлэхийг хүсэж байна. Та бүгд нэгнийхээ байгуулсан гавьяаг алдаршуулж, одоо суралцаж буй сонсогч нарт туршлага сургамжаасаа хуваалцаж байгаа нь сонсогч нарын сурах, цаашид ажиллаж хөдөлмөрлөх үйл хэрэгт томоохон тус нэмэр, урам зоригийг өгсөн үйл ажиллагаа болж байна. Энэхүү арга хэмжээг зохион байгуулж байгаа төгсөгч та нартаа болон та бүхний гэр бүлд аз жаргал, эрүүл энх, хамгийн сайн сайхан бүхний дээдийг хүсэн ерөөе’ хэмээсэн юм.
Мөн энэ үеэр 2010 оны төгсөгчид ренжер сургагч ахлагч А.Мөнгөншагай, Б.Эрдэнэдаваа нарын хөрөг зургийг “RANGER’ гэсэн пайзын хамт төрөлх сургуулийнхаа хүндэтгэлийн танхимд дурсгасан юм.
Эх сурвалж: Соёмбо редакц Х.УНДАРМАА