“АЮУЛГҮЙ БАЙДЛЫН СУДАЛГААНЫ КЛУБ” ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Монгол цэргийн нэгдсэн холбооны дэргэдэх АЮУЛГҮЙ БАЙДЛЫН СУДАЛГААНЫ КЛУБ-ийн зүгээс өнөөдөр буюу 4-р сарын 8-ний өдөр дэлхий дахины аюулгүй байдлын орчны өөрчлөлт, цэргийн сургалтын байгууллагуудын олон улсын жишиг зэргийг харгалзан хэлэлцүүлэг зохион байгууллаа.
Тус хэлэлцүүлгийн зорилго нь Батлан хамгаалахын удирдлагын академийн сургалтын агуулгыг шинэчлэх хэрэгцээ байгаа эсэх талаар эрдэмтэн судлаачид болон холбогдох төрийн албан хаагчидтай санал солилцон зөвлөмж боловсруулах явдал байсан юм.
Хоёр дахь удаагаа зохион байгуулагдаж байгаа тус хэлэлцүүлэг нь Батлан хамгаалахын удирдлагын академийн хурлын танхимд болсон бөгөөд “Батлан хамгаалах удирдлагын академийн сургалтын агуулга, түүний шинэчлэл” сэдэвтэй байлаа.
Хэлэлцүүлгийг МЦНХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга, доктор (PhD), профессор, дэслэгч генерал Ц.Тогоо нээж, хэлэлцүүлгийн зорилгыг танилцуулсны дараа клубийн тэргүүн, дипломатч, доктор (PhD) Р.Болд хэлэлцүүлгийг удирдан явууллаа.
Хэлэлцүүлэгт клубийн гишүүд доктор (PhD), дэд профессор, бригадын генерал Ч.Сосорбарам, доктор (PhD), профессор, хошууч генерал С.Баасанхүү, Монгол Улсын гавьяат хуульч, хурандаа Ж.Бумнанжид нараас гадна Батлан хамгаалахын удирдлагын академийн захирал, доктор (PhD), бригадын генерал Л.Онцгойбаяр, мөн академийн дэд захирал, эрдэм шинжилгээ, сургалтын албаны дарга хурандаа Д.Туул, Үндэсний тагнуулын академийн захирал, доктор (PhD), хурандаа Ж.Наранбаатар, Ерөнхийлөгчийн тамгын газрын ахлах референт, хурандаа Х.Хишигсүрэн, ҮАБЗ-ийн Стратеги судалгааны хүрээлэнгийн шинжээч, доктор (PhD), бригадын генерал Ц.Гандорж, мөн хүрээлэнгийн төвийн дарга хурандаа П.Батжаргал, Зэвсэгт хүчний жанжин штабын даргаар ажиллаж байсан хошууч генерал А.Ганбат, дэслэгч генерал Д.Ганзориг, БХУА-ийн төлөөлөл оролцов.
Хэлэлцүүлгийн эхэнд оролцогчид БХУА-ийн захирлын илтгэлийг сонсож, тус академийн танилцуулгыг үзэж сонирхлоо. Үүний дараа бригадын генерал Ч.Сосорбарам, хурандаа, Х.Хишигсүрэн, дэслэгч генерал Д.Ганзориг нар хэлэлцэж буй сэдвийн хүрээнд илтгэл тавьсан юм. Хэлэлцүүлэгт оролцогчид илтгэгч нараас асуулт асууж мэтгэлцэхийн зэрэгцээ хэлэлцэж буй асуудлаар үнэтэй санал, зөвлөмж гаргалаа.
МЦНХ-ны дэргэдэх Аюулгүй байдлын судалгааны клуб хэлэлцүүлгийн явцад гарсан санал, зөвлөмжүүдийг нэгтгэн боловсруулж, судалгааны эргэлтэд оруулахаас гадна,төрийн холбогдох байгууллага, албан тушаалтанд хүргэн ажиллах юм. Тус клуб дараагийн хэлэлцүүлгээ “Оросын Холбооны Улс, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын харилцаа ба Монгол Улс” сэдвээр 4 дүгээр сарын 15-нд хийхээр төлөвлөж байна.
 Хэлэлцүүлэгт оролцох сонирхолтой судлаачид МЦНХ-ны ажлын албанд урьдчилан бүртгүүлж оролцох боломж нээлттэй. 👍🏻