БАТЛАН ХАМГААЛАХ САЛБАРЫН ШИЛДЭГ БҮТЭЭЛИЙН ЭЗЭД ТОДОРЛОО

Батлан хамгаалахын сайдын нэрэмжит 2023 оны “Шинжлэх ухаан, технологийн шилдэг бүтээл”-ийг шалгаруулж шагнал гардууллаа. Энэ жилийн хувьд “Цэргийн зэвсэглэл” төрөлд Зэвсэгт хүчний 311 дүгээр ангийн засвар хангалтын төвийн Мэргэн буудагчийн сургалтын бүлгийн дарга хурандаа С.Түвшинбаяр, 011 дүгээр ангийн тусгай ажлын цехийн хамтын бүтээл Мэргэн буудагчийн “ДМТ-23” винтов, “Цэргийн техникийн төрөлд”, “Цэргийн техник” төрөлд ҮБХИС-ийн ЦНДС-ийн Авто, хуягт танкын тэнхимийн ахлах багш хошууч Б.Мөнх-Эрдэнийн БТР-70, 80 маркийн дугуйт хуягт тээвэрлэгчийн муфт, “Цэргийн инновацын дэвшил” төрөлд доктор, хурандаа Ц.Дунгармаа даргатай БХЭШХ-гийн Технологи дамжуулах, ре-инженерингийн төвийн бүтээл нисгэгчгүй нисэх төхөөрөмжөөс гранат хаягч “Соно-3”, “Цэргийн технологийн дэвшил” төрөлд Зэвсэгт хүчний 065 дугаар ангийн 113 дугаар тусгай ротын цэргийн алба, сургалт хариуцсан офицер ахлах дэслэгч Б.Баяннасан, 353 дугаар ангийн 324 дүгээр дивизионы тагнуулын салааны захирагч дэслэгч Ц.Хас-Очир нарын хамтын бүтээл “Морзын код боловсруулах тоон системийн хөгжүүлэлт”, “35 хүртэлх насны залуу судлаачийн бүтээл” төрөлд Зэвсэгт хүчний 335 дугаар ангийн ротын ажиллагааны офицер ахмад Г.Жавхлантөгсийн Хужирбулангийн районы Тусгай хүчний сургалтын төвийн газрын зураг, “Шинэ бүтээл, оновчтой саналын бүтээл” төрөлд Зэвсэгт хүчний 011 дүгээр ангийн АУТ-ийн ажиллагааны офицер хошууч Э.Цэрэннолсон, цэргийн зэвсэг засварын цехийн хамтын бүтээл “Зэвсгийн засварын чиргүүл”, “Цэргийн ухаан” төрөлд ҮБХИС-ийн Цэргийн хөгжмийн политехникийн коллежийн багш, УГЗ Б.Ганхуягийн “Цэрэг эрсийн сэтгэлийн дуудлага аяз”, “Цэргийн түүх судлал” төрөлд БХЭШХ-гийн Дайн, цэргийн урлаг судлалын төвийн эрдэм шинжилгээний ажилтан, доктор, дэд профессор Л.Баярын “Өмнөговь аймаг эх орноо батлан хамгаалах үйлсэд” нэг сэдэвт бүтээл, “Тэргүүний судалгааны төв”-өөр дэд хурандаа П.Дашдорж даргатай БХЭШХ-ийн Энхийг дэмжих олон улсын судалгааны төв, “Эрдэм шинжилгээний тэргүүний ажилтан”-аар Батлан хамгаалахын дүн шинжилгээний төвийн дарга, доктор, дэд хурандаа Б.Нэргүй нар тус тус шалгарсан юм.
Энэ үеэр Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр бие бүрэлдэхүүнд хандан “Өнгөрсөн 100 жилийн түүхэнд Монгол Улсын Зэвсэгт хүчин өөрийн болон бусдын эрдэмтэн, шинжлэх ухааны бүтээлийг хүртэгч, хэрэглэгч байж ирсэн. Бид шинэ зуунд өөрсдөө шинжлэх ухаанч, шинийг бүтээгч, үйлдвэрлэгч, санаачлагч, зорилгот тавьсан. Сүүлийн жилүүдэд манай салбарын эрдэмтэн судлаач, Зэвсэгт хүчний офицер, ахлагч нар шинжлэх ухаан, эрдэм шинжилгээний дорвитой бүтээлүүдийг хийж, ялангуяа залуу судлаач, инженерүүдийн оролцоо нэмэгдэж байгаа. Энэ удаагийн шалгаруулалт ч мөн нүдээ олжээ. Зэвсэгт хүчинд нэвтрүүлж, хэрэглэх боломжтой бүтээлүүд шалгарсанд сэтгэгдэл өндөр байна. Энэ бол Монгол Улсын Зэвсэгт хүчин цаашид илүү инновацлаг, шинжлэх ухаанч байж, үйлдвэрлэгч болохын гол үндэс суурь юм. Гагцхүү эрдэмтэн судлаач, инженерүүд бүтээлүүдээ улам боловсронгуй болгож, төгөлдөржүүлэх ёстой. Ингэсний үр дүнд улам чанаржина. Саяхан бид гурван төрлийг техник хийж эхэлсэн бол өнөөдөр үйлдвэрлэлээ үргэлжлүүлэн явуулж, сайжруулалт хийгдсээр байгааг нь хэлэх нь зүйтэй. Бүх талаар хөгжиж буй учир үүнд ирэх онд ч хөрөнгө оруулалт хийнэ. Батлан хамгаалахын дэд сайдаар ахлуулсан ШУТЗ сайн ажиллаж байгаа гэж бодож байна. Бид бодитой бүтээлүүд хийж, үр дүнд хүрсэн. ЗХЖШ, болон Төрлийн цэргийн командлалуудад туршилт, судалгааны төвүүд байгуулсан. Энэ бол залуу эрдэмтэн, инженерүүдээ дэмжиж буй бодлого. Иймд та бүхэн хийсэн бүтээлүүдээ олон нийт, нийгэмд хүргэж сурталчлах, судалгаа шинжилгээ, туршилтаа улам чанаржуулж, цар хүрээг нь өргөсгөх талаар анхаарч ажиллахыг хүсэж байна” хэмээгээд баяр хүргэж, ажлын өндөр амжилт хүслээ.