Ардын Засгийн Газрын 1921 оны 28 дугаар хуралдаанаар Цэргийн яамны тэргүүн сайд, Бүх цэргийн жанжин Д.Сүхбаатар телефон, цахилгаан мэдээний мэргэжилтэн бэлтгэх Цэргийн сургуулийг байгуулах санал гаргаж, техник хэрэгслийг Зөвлөлт Орос Улсаас татан авчрах тухай хэлэлцэн баталсан шийдвэрийг үндэслэн Цэргийн яамны ЦЕС-ийн бүрэлдэхүүнд «Төмөр утасны ангийг байгуулах тухай” 1922 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн тушаалыг хэрэгжүүлж, Цэргийн холбооны тэнхимийг байгуулсан. Эдүгээ 100 жилийн түүхтэй тус тэнхим нь Орчин цагийн Зэвсэгт хүчний цэргийн холбоог хөгжүүлэх, боловсон хүчнийг бэлтгэхэд ихээхэн хүчин чармайлт гаргаж, энэхүү хугацаанд 1300 гаруй офицер, 1000 гаруй техникч-ахлагч нарыг бэлтгэн гаргасан төдийгүй төрийн цэргийн байгууллага болон шаардлагатай боловсон хүчинг бэлтгэн гаргахад ихээхэн хувь нэмэр оруулсан байна.
Түүнчлэн Төмөр утасны ангиас Цэргийн холбооны тэнхим болох хөгжлийнхөө үе шатуудад Батлан хамгаалах болон боловсролын хуулийн өөрчлөлт, шинэчлэлийн хүрээнд боловсролын хөтөлбөрийг тухайн цаг үетэй уялдуулан шинэчлэн сайжруулж, мэдээлэл технологийн хөгжлийн үе шатуудад хөл нийлүүлэн аналоги системээс тоон системд тулгуурласан сургалтыг хөгжүүлэхэд ихээхэн анхаарал хандуулан ажиллаж байна.
Тус тэнхимийн төгсөгчид нь Ардын хувьсгалын бүтээн байгуулалтын он жилүүдэд, Эх орныхоо тусгаар тогтнолыг батлан хамгаалах 1939 оны Халхын голын байлдаан, 1945 оны Чөлөөлөх дайны үед ч түүнчлэн Зэвсэгт хүчнийг хөгжүүлэх 1970- 1990 онуудад шинэ зууны Зэвсэгт хүчинд тавигдаж байгаа Энхийг дэмжих үүргийг биелүүлэхэд ч эзэмшсэн мэргэжил, боловсрол, ур чадвараа дайчлан тэргүүн шугамд манлайлж, өгөгдсөн үүргүүдээ амжилттай биелүүлж ирсэнийг онцлон тэмдэглэж байна.
Цэргийн холбоо, кибер аюулгүй байдлын тэнхимийн эрдэмтэн багш, үе үеийн төгсөгчид, та бүхний Улс орны бүтээн байгуулалтад оруулсан гавьяа зүтгэлийг өндрөөр үнэлж, ҮБХИС-ийн удирдлагын зүгээс тэнхимийн 100 жилийн ойг тохиолдуулан баярын мэнд дэвшүүлж, эрдэм судлалын мөр нь ариун байж, Зэвсэгт хүчний үе үеийн цэргийн холбоочдыг бэлтгэх үйлсэд тань амжилт хүсье.
Монгол цэргийн босоо хийморь мандан бадарч
Цэргийн холбоочдын яруу алдар бадрах болтугай
ҮБХИС-ИЙН ЗАХИРЛЫН АЖЛЫГ ТҮР ОРЛОН ГҮЙЦЭТГЭГЧ
БРИГАДЫН ГЕНЕРАЛ С.ДАШЗЭВЭГ