Тэртээх 1921 онд их Жанжин Д.Сүхбаатарын санаачилгаар Ардын цэргийн даргын сургууль нэртэйгээр тулгаа тулан галаа бадрааж, өндөр үүдээ нээж асан өнөөгийн Үндэсний Батлан хамгаалахын их сургууль нэгэн зууны буурал түүхээ баринтаглаж байна. Тиймээс тус сургуулийн захирал, доктор, профессор, бригадын генерал П.Жаргаланг “Зочин”-ы хоймортоо урьж ярилцлаа.
Юуны өмнө нийт уншигчдынхаа нэрийн өмнөөс Танд болон танай эрдмийн хамт олонд ҮБХИС үүсэн байгуулагдсаны түүхт 100 жилийн ойн баярын мэндийг хүргэе …
-Баярлалаа. Тэртээх 1921 онд анх Ардын цэргийн даргын сургууль нэртэйгээр үндэс сууриа тавин үүсэн байгуулагдаж байсан төрөлх сургууль маань 100 жилийнхээ тэгш дүүрэн ойтой золгож байна. Энэхүү түүхэн цаг хугацаанд цэргийн дарга, мэргэжилтэн бэлтгэх эрхэм хүндтэй үүргээ нэр төртэй биелүүлсээр өдгөө олон улсын жишигт ойртсон судалгаанд суурилсан их сургууль болох зорилго тавин хөгжиж байгаа нь үе үеийн дарга, захирал, эрдэмтэн, судлаач, багш, төгсөгч, суралцагчдын маань сургуулиа гэсэн чин сэтгэл, зүтгэлийн үр шим гэдгийг ярианыхаа эхэнд онцлоод энэхүү түүхэн ойн халуун мэндийг “Соёмбо” сониныхоо нийт уншигчдад өргөн дэвшүүлье.
Түүхэн ойн хүрээнд нөр их ажил ундарч байгаа нь гаднаас орж ирүүт л илт харагдаж байна. Та бүхэн нэлээд завгүй байгаа бололтой …
-Тийм ээ. Бид сургуулийнхаа 100 жилийн ойг ёслол төгөлдөр тэмдэглэн өнгөрүүлэх хүрээнд багагүй ажлыг төлөвлөж, хэрэгжилтийг нь хангаад явж байна. Өнөө жил бол зөвхөн манай сургуулийн 100 жилийн ой гэлтгүй Ардын хувьсгалын 100, БХЯ үүсэн байгуулагдсаны 110, Зэвсэгт хүчний 100 жилийн ой давхцан тохиож байгаа онцлог жил. Тиймээс эдгээр ойн хүрээнд ямар ажлуудыг өрнүүлэх талаар өнгөрсөн жилээс төлөвлөгөө гарган ажиллаж байна.
Тухайлбал, энэхүү эрдмийн эх уурхай маань өнгөрсөн 100 жилийн түүхээ хэрхэн бүтээснийг иргэд олон нийтэд болон Батлан хамгаалах, Зэвсэгт хүчний нийт бие бүрэлдэхүүнд сурталчлан таниулах, өнөөгийн үйл ажиллагаагаа улам төгөлдөржүүлэх, сургалтынхаа арга хэлбэрт өөрчлөлт оруулах, материаллаг баазыг сайжруулах, багш нарынхаа ур чадвар, мэдлэг дадлага, чадамжийг дээшлүүлэх, оюутан сонсогчдынхоо хичээл сургуульд оролцох идэвх чармайлтыг нэмэгдүүлэхэд гол үйл ажиллагаагаа чиглүүлэн ажиллаж байна.
Сүүлийн жилүүдэд сургуулийн материаллаг бааз шат дараатайгаар нэлээд бэхжиж байна уу гэж харагддаг. Ер нь сургалт явуулахад орчин нөхцөл, материаллаг бааз хамгаас чухал шүү дээ. Тэгэхээр ойн хүрээнд өрнүүлсэн бүтээн байгуулалтын гол ажлуудаасаа онцолно уу?
-Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчийн дэмжлэгтэйгээр БХУА, “Ном-мэдээллийн төв”-ийг ашиглалтад оруулахад бэлэн болголоо. Түүнчлэн БХЯ-ны дэмжлэгтэйгээр байлдааны зэвсэг, техникийг хадгалах зориулалттай байгууламжийг ашиглалтад орууллаа. Мөн сургалтын техник хэрэгслийг сайжруулах, сургалтыг цахим хэлбэрт шилжүүлэхэд шаардлагатай олон төрлийн арга хэмжээг авч хэрэгжүүлсэн. Үүний үр дүнд номын сангаа цахим хэлбэрт бүрэн шилжүүлсэн, улам ч өргөжүүлнэ. Өнгөрсөн 2020 онд БНХАУ-ын Элчин сайдын яамны буцалтгүй тусламжаар гадаад хэлний хичээлийн лингафоны танхимд шаардлагатай 32 сая төгрөгийн өртөг бүхий тоног төхөөрөмж бэлэглэснийг суурилуулж байна. Номын сангийн мэдээллийн баазыг хөгжүүлэх, ном уншилтыг сайжруулах зорилгоор мөн тус ЭСЯ-ны туслалцаатайгаар нийлүүлсэн хяналтын төхөөрөмжийг суурилууллаа. Үүнээс гадна офицер, ахлагч, оюутан сонсогч гээд бүхий л бие бүрэлдэхүүнийхээ бие бялдрыг хөгжүүлэх зорилгоор өнгөрсөн жил спорт зааландаа 2-3 танхимыг 72 мянган ам.долларын өртөгтэйгөөр тохижуулсан зэргээр чамлахааргүй бүтээн байгуулалтыг өрнүүлээд байна. Цаашид ч боловсрол, сургалт, эрдэм шинжилгээний ажил эрхлэх үндсэн үүргээ биелүүлэх таатай орчныг бүрдүүлэх, материаллаг баазыг улам бэхжүүлэх чиглэлээрх ажил орхигдохгүй.
Монгол Улсын төрөөс боловсролын салбарт баримталж буй бодлого, чиглэлийг хэрэгжүүлэх хүрээнд ҮБХИС ч өөрийн үйл ажиллагаандаа тодорхой зорилго, чиглэлийг тусган ажиллаж байгаа нь мэдээж. Энэ тухайд тодруулбал …
-Манай сургууль Монгол Улсын төрөөс боловсролын салбарт баримталж буй бодлого, чиглэлийг хэрэгжүүлэх хүрээнд их сургуулиудад тавигдаж байгаа бүхий л шаардлагыг ханган ажиллаж, Батлан хамгаалах салбар, Зэвсэгт хүчний хүний нөөцийг сургаж бэлтгэх чиглэлээр БХЯ, ЗХЖШ-аас өгсөн үүрэг даалгаврыг нэр төртэй биелүүлж, бакалаврын 16, магистрын 27, докторын 9 хөтөлбөрөөр сургалт явуулж байна. Тэрчлэн Монгол Улсын боловсролын салбарт явагдаж байгаа дээд боловсролын шинэчлэл, судалгааны сургуульд шилжих хөтөлбөрийн хүрээнд бид ч сургуулиа олон улсын жишигт нийцсэн, судалгаанд суурилсан цэргийн мэргэжлийн сургалтын байгууллага болгох зорилт тавиад БСШУЯ, БХЯ, ЗХЖШ болон бусад төрийн цэргийн байгууллагуудтай хамтран тодорхой хэмжээний сургалт, судалгааны ажлуудыг хийгээд явж байна. Үндсэндээ бид “Үндэсний батлан хамгаалахын их сургуулийн хөгжлийн стратеги-2030” бодлогын баримт бичигт уг асуудлыг тусгаснаар 2030 он гэхэд аюулгүй байдал, батлан хамгаалах судлалаар бүс нутагтаа хүлээн зөвшөөрөгдсөн, судлагаанд суурилсан их сургууль болох том зорилго тавин ажиллаж байна.
Үеийн үед батлан хамгаалах салбар, Зэвсэгт хүчний хөгжил дэвшил, өнгө төрхийг тодорхойлж эл салбарыг “авч явдаг” шат шатны боловсон хүчин бүхэлдээ энэ сургуулийн бүтээгдэхүүн байдаг. Энэ талаас нь бодохоор тэдгээр боловсон хүчнийг бэлтгэж буй багш нарын үүрэг хариуцлага, мэргэжлийн ур чадвар, заах арга зүйн чадамж их чухал санагддаг юм. Та ч санал нэгдэх болов уу?
-Тэгэлгүй яах вэ. Багш нараа бэлтгэх, гадаад дотоодын цэргийн мэргэжлийн сургалтад хамруулах, заах арга зүйг дээшлүүлэх нь бидний эн тэргүүний зорилтуудын нэг. Энэ жил зургаан багшийг гадаадад мэргэжил дээшлүүлэх сургалтад, Монгол Улсын хэмжээнд боловсролын тогтолцооны хүрээнд явагдаж байгаа цөөнгүй сургалтад 100 гаруй багшийг хамрууллаа. Мөн багшийн заах арга зүйг сайжруулах, ур чадварыг нэмэгдүүлэх, чадамжийг дээшлүүлэх зорилгоор “Багшийн хөгжлийн төв”-ийг байгуулсан. Үйл ажиллагаа нь овоо сайхан жигдэрсэн. Тийм учраас энэ төвөөр дамжуулан ҮБХИС-ийн цэргийн болоод иргэний мэргэжлийн багш нарын маань чадамж, боловсрол, мэдлэг ур чадвар нь дээшилнэ гэдэгт итгэлтэй байгаа.
Мэргэжлийн цэрэгт суурилсан цомхон, чадварлаг Зэвсэгт хүчинтэй байх зорилт хэрхэн биеллээ олох нь ҮБХИС-иас ихээхэн хамааралтай. Яагаад гэхээр Зэвсэгт хүчинд цэргийн мэргэжлийн боловсон хүчнийг бэлтгэн нийлүүлдэг сургуулийн хувьд хариуцлагатай ч юм шиг …
-Улс орны аюулгүй байдлыг хангах, хамгаалах, Зэвсэгт хүчнийг хөгжүүлэх зорилгоор мэргэжлийн цэрэгт суурилсан Зэвсэгт хүчнийг бий болгох зорилт тавигдаад, хөтөлбөр хэрэгжээд явж байгаа. Үүнд манай сургууль манлайлах үүрэгтэйгээр оролцох ёстой. Тиймээс бид цэргийн мэргэжлийн боловсон хүчин бэлтгэн гаргахдаа юунд анхаарч дүгнэлт хийх ёстой вэ, сургалтаа хэрхэн хөгжүүлэх вэ, сургалтын арга хэлбэрт ямар өөрчлөлт оруулбал зохилтой вэ зэрэгт түлхүү анхаарч байна. Тиймдээ ч дан ганц сургуулийн хамт олон биш БХЯ, ЗХЖШ, төрлийн цэргийн командлалууд, тэдгээрийн харьяа нэгтгэл, анги, байгууллагуудаас санал авч түүнийгээ үйл ажиллагаандаа тусган шат дараатайгаар хэрэгжүүлж байна.
Энэ хүрээнд ирэх жилээс цэргийн сургалтын тогтолцоонд өөрчлөлт оруулна. Өөрөөр хэлбэл, цэргийн мэргэжлийн сургалтын тогтолцоог дөрвөн жилд шилжүүлэх шийдвэр гарсан. Сүүлийн 20 гаруй жилд манай сургалтын үйл ажиллагаа уламжлалт бүтцээсээ арай өөр буюу иргэний мэргэжлээр хоёр жил суралцаад цэргийн мэргэжил рүү шилждэг 2+2, 3+1 хөтөлбөрөөр явж байсан. 2020 онд Батлан хамгаалахын сайдын зөвлөлөөр манай сургууль үйл ажиллагааныхаа алсын харааг тодорхойлсон дунд хугацааны хөтөлбөрөө батлуулсан юм. Энэ хүрээндээ цэргийн мэргэжлийн сургалтын тогтолцоог дөрвөн жилд шилжүүлэх шийдвэр гаргуулсан, энэ ажлынхаа бэлтгэлийг хангаад явж байна.
Өнөөдрийн байдлаар “Тэмүүжин Өрлөг”-ийн төгсөгчид шууд ЦНДС-даа элсээд цэргийн мэргэжлээр дөрвөн жил сураад төгсөж буй анхны төгсөлтөө ноднин, хоёр дахь төгсөлтөө энэ жил хийсэн. Эдгээр сонсогчид маань бие бялдрын болоод мэдлэг чадварын хувьд хаана ч гологдохооргүй мэргэжилтэн болсон гэдэгт итгэлтэй байна. Зэвсэгт хүчний анги, салбарын удирдлагууд ч ам сайтай байдаг.
Манай сургуулийн төгсөгчид Монгол Улсын хэмжээнд төр түшилцэж, засаг толгойлж, яам, агентлагуудыг удирдаж байна. Маш олон төгсөгч улс орны хөгжлийг түүчээлж, бодит хувь нэмрээ оруулан, БХЯ, ЗХЖШ-ын гол гол удирдлагын албан тушаалуудыг хашиж Батлан хамгаалах салбар, Зэвсэгт хүчнээ удирдан манлайлж яваа нь бидний бахархал юм. Түүнчлэн Хөдөлмөрийн баатар, Ардын багш, гавьяат багш, шинжлэх ухааны докторууд олноор төрөн гарсан. Ганц Батлан хамгаалах салбараар хязгаарлагдахгүй иргэний байгууллагуудад олноор ажиллаж байгаад туйлын баяртай байдаг. Эдгээр төгсөгчид маань эргээд сургуулийнхаа хөгжил дэвшилд өөрсдийнхөө боломжит бүхий л хувилбараар тусалж дэмждэг. Энэ завшааныг ашиглаад төрөлх сургуулиа гэсэн сэтгэлтэй хэн бүхэнд хамт олныхоо нэрийн өмнөөс баярлалаа гэж хэлье.
Цаашид уламжлалыг хадгалах талаар …
-Би энэ сургуулийн бүтээгдэхүүн. Сонсогчоос эхлээд БХУА-ийг төгссөн. Энэ сургуульд есөн жил багш, дөрвөн жил тэнхимийн дарга, гурван жил бүрэлдэхүүн сургуулийн захирал, 2-3 жил сургалт эрхэлсэн орлогч захирлаар ажиллаж байлаа. Сургалтын агуулга, төгсөгчдийн чадвар чадамжийн талаар багш сурган хүмүүжүүлэгчид, эрдэмтэд, сургалт зохион байгуулдаг мэргэжилтнүүдтэйгээ байнга санал солилцдог. Үүний дагуу дөрвөн жилийн цэргийн сургалтын хөтөлбөр хэрэгжих гээд байж байна. Энэ хүрээнд бүх хөтөлбөрөө шинэчлэн боловсруулж, төгсөгчдийг чадамжтай төгсгөх, мэдлэг боловсролтой чадварлаг, бие бялдрын хөгжил сайтай, ёс суртахууны хувьд доголдолгүй хүмүүсийг бэлтгэн гаргахад бид гол анхаарлаа хандуулан ажиллаж байна. Цаашид ч энэ чиглэлээр хийхээр төлөвлөсөн ажил олон байгаа. Мөн төгсөгчид маань эх орноороо бахархдаг, эх оронч үзэл хүмүүжилтэй, улмаар өөрөөрөө дамжуулаад Монгол Улсынхаа хэмжээнд хүүхэд залуучуудад эх оронч үзэл хүмүүжлийг төлөвшүүлэх, улс эх орныхоо аюулгүй байдлыг хадгалах хамгаалахад иргэн бүр ямар үүрэгтэй байх ёстой талаар сурталчилгаа хийдэг, өөрөөрөө харуулдаг тийм л хүмүүсийг бэлтгэн гаргахад чиглэж байна.
Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчаас эх оронч үзэл хүмүүжлийг төлөвшүүлэх, бие бялдрын өв тэгш хүмүүжилтэй, ёс суртахуунтай иргэн бэлтгэхэд Батлан хамгаалах салбар, Зэвсэгт хүчний нэгтгэл, ангийн удирдлагууд юу хийх талаар тодорхой үүрэг чиглэл өгөгдсөнийг саяхан Зэвсэгт хүчний хэмжээнд явагдсан удирдах бүрэлдэхүүний заах арга зүйн цугларалтаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн Аюулгүй байдал, батлан хамгаалах бодлогын зөвлөх, дэслэгч генерал Ц.Тогоо бидэнд танилцуулсан. Энэ үүргийг сургуулийн хэмжээнд хэрэгжүүлэх талаар төлөвлөгөө гаргаад ажиллаж байна.
Гадаад харилцаа, хамтын ажиллагааны тухайд яриагаа үргэлжлүүлбэл …
-Манай сургуулийн гадаад харилцаа өргөжин тэлж 13 улстай хамтын ажиллагаатай ажиллахын зэрэгцээ БХЭШХ-гээ түшиглэн олон улсын эрдэм шинжилгээний хурлууд зохион байгуулах чадамжтай болсон төдийгүй гадаадын цэргийн сургуулиудад сонсогчдыг сургах, оюутан солилцох, багш, эрдэм шинжилгээний ажилтнуудыг дадлагажуулах, гадаадын цэргийн сургуулийн сонсогч, магистрантуудыг өөрийн сургуульд сургах чиглэлээр харилцан туршлага хуримтлуулсаар байна. Ялангуяа ОХУ-ын ЗХЖШ, Япон, Солонгос, БНХАУ-ын ҮБХИС-тай хамтын ажиллагааны гэрээтэй ажилладаг. Харамсалтай нь сүүлийн хоёр жил цар тахлын нөхцөл байдлаас болоод үйл ажиллагаа маань хумигдмал байна. Гэхдээ зогсоогүй, цахим орчинд хамтарсан хурал, олон улсын эрдэм шинжилгээний хурлаа зохион байгуулж, бусад их, дээд сургуулиудтай цахимаар илтгэл солилцож байна. Түүнээс гадна техник, тоног төхөөрөмжийн хувьд харилцан туслалцаа үзүүлэх, эрдэмтдийн судалгааны бүтээлүүд дээр хамтран ажиллаж байна. Энэ мэтээр манай сургуулийн гадаад харилцаа өөр болсон. Үүнийг улам өргөжүүлэх, тэр тусмаа багшийг хөгжүүлэх, мэргэжлийн ур чадварыг нь сайжруулахад бид гол анхаарлаа чиглүүлэн ажиллахыг эрмэлзэж байна. Түүнчлэн гадаадад эрдмийн зэрэг хамгаалуулах талаар анхаарч байна. Өнөөдрийн байдлаар манай хоёр багш ОХУ-д докторантурын сургалтад хамрагдаж байна. Энэ бүгд маань манай гадаад харилцааны хөгжлийн нэг илэрхийлэл. Үүнийгээ улам цааш нь хөгжүүлэх, гүнзгийрүүлэх, арга хэлбэрийг нь өргөтгөх зорилго тавиад ажиллаж байна.
Гадаад харилцаагаа бүхий л талаар илүү өргөжүүлэх, харилцан туршлага солилцоход хэлний мэдлэг нэлээд чухал. Тэгэхээр багш нарынхаа хэлний боловсролын түвшнийг дээшлүүлэхэд ямар бодлого барьж байна вэ?
-Гадаад хамтын ажиллагааг өргөжүүлэхэд хэлний боловсрол яах аргагүй чухал. Өнөөдөр хэлний боловсролгүйгээс гаднаас мэдээлэл авах, очоод туршлага судлах боломж хаалттай, хязгаарлагдмал болдог юм байна. Манай сургуулийн багш нарын маань хэлний боловсрол гайгүй түвшинд байгаа ч яг судлаачийн хувьд, судалгаа хийхэд бүрэн хэмжээгээр бэлтгэгдээгүй байна. Тиймээс бид гадаад хэлний ахисан түвшний сургалтыг гурван ч удаа БХЯ-ны дэмжлэгтэйгээр зохион байгуулж, нийт 120 гаруй багшийг хамрууллаа. Мөн сонсогчдын гадаад хэлний мэдлэг боловсролыг дээшлүүлэх талаар бид анхааран шинэ хөтөлбөртөө энэ талаар тусгаж, төгсөгчдийн хэлний мэдлэгийн түвшний стандарт гаргаж байна. Ялангуяа, НҮБ-ын таван хэлний чиглэлээр.
“Багшийн хөгжлийн төв”, сургуулийн удирдлага дотооддоо багш нарынхаа гадаад хэлний мэдлэгийн түвшнийг тогтоож түүнийг нь дээшлүүлэх хөшүүргийг бий болгоно. Өөрөөр хэлбэл, та энэ сард ийм түвшинд хүрсэн байх ёстой, дараагийн удаа шалгалт авахад тийм түвшинд очсон байх ёстой, ахиц гараагүй бол тодорхой хариуцлага тооцох байдлаар явах юм. Нэг багш 7 хоногт ядаж нэг хичээлийг гадаад хэл дээр заадаг байхаар хөтөлбөрт тусгачихсан. Ингээд ирэхээр тухайн багш өөрийгөө бэлтгэх хэрэгтэй болно. Сонсогч нар ч тэр хичээлийг ойлгохын тулд хэлээ судлах шаардлагатай болно шүү дээ. Мэдээж гадаад хэл дээр хичээл заа гээд орхичихгүй, хяналт тавьж, хариуцлага тооцож ажиллана.
Нарийн мэргэжлийн багш хүрэлцээгүй байдаг тухай сонсож байсан. Энэ тухай тодруулбал …
-Математик, физикийн дээд тоо, Физик, радио техникийн чиглэлийн багш нар дутагдалтай байна. Үүнийг тэтгэвэрт гарсан багш нараа буцааж ажиллуулах байдлаар шийдвэрлэж байна. Батлан хамгаалахын багц хуульд тэтгэвэрт гарсан багш, эмч нар тэтгэврийн дээд хязгаарын нас хүртэл ажиллах боломжтой гэж тусгасан. Өөрөөр хэлбэл тэтгэвэрт гарсан багш эргээд энгийнээр 65 нас хүртлээ ажиллах боломж манай сургуульд байна. Ингэснээр залуу багш нараа сургаж төлөвшүүлэхэд гол түшиц болж байгаа юм.
ҮБХИС-ийн 100 жилийн ой тохиож буй түүхэн цаг хугацаанд Та захирлын албыг хашиж байна. Нэг талаасаа асар их хариуцлага үүрч байгаа ч нөгөө талаас нь харвал бахархалтай хувь тохиол. Энэ тухайд танд юу бодогдож байна вэ?
-Тэгэлгүй яах вэ, би Зэвсэгт хүчинд 39 дэх жилдээ алба хашиж байна. Үүний 24 жилийг нь энэ сургуулийн хашаанд өнгөрүүлжээ. Үлдсэн цаг хугацаанд нь нэгтгэл, анги, салбарт салааны захирагчаас хорооны штабын дарга хүртэлх албыг хашиж байлаа. 1997 оноос өнөөг хүртэл энэ сургуулийн сургалтын үйл ажиллагаанд оролцоод явж байна. Мөн миний аав энэ сургуульд багш, тэнхимийн дарга, сургалтын хэлтсийн орлогч дарга нь байсан. Ээж минь ч ялгаагүй энэ сургуульд ажиллаж байлаа. Ингээд бодохоор би эл сургуультай ажил, амьдралаа холбоод явж байгаагаа бэлгэшээдэг юм. Тэртээх 1972 онд аавыгаа дагаад энэ сургуулийн босгыг анх давж байснаа одоо ч тодхон санаж байна. Түүнээс хойш энэ сургуульд багш, тэнхимийн дарга, бүрэлдэхүүн сургуулийн захирал, дэд захирал зэрэг албан тушаалыг хашаад улмаар 100 жилийн ойн босгон дээр захирлын албыг хашаад явж байгаадаа хувь хүнийхээ хувьд, цэргийн мэргэжлийн сургалтын үйл ажиллагаанд чамгүй хугацаанд оролцож явсны хувьд би туйлын их баяртай байна.
Сургууль минь намайг сонсогч байхаас эхлээд өнөөдрийн хэмжээнд хүртэл бүтээлээ. Энэ сургуулийнхаа буянаар цэргийн мэргэжлийн дээд боловсрол эзэмшлээ, цэргийн дээд цолтон боллоо. Энэ бүхэн сургуулийн минь үр өгөөж, хамт олны маань тус дэм юм. Сургуулиараа овоглож, шат шатны албан тушаалыг хашиж байхад үйл ажиллагаа нь доголдож байсан бол би ийм хэмжээнд хүрэхгүй шүү дээ. Энэ далимд надтай нэг баг болон ажиллаж байгаа сургуулийнхаа удирдлага, нийт багш, офицер, ахлагч, ажилтан албан хаагчдадаа хувь хүнийхээ хувьд баярласнаа илэрхийлье.
Бас нэг бэлгэшээж явдаг сонин тохиол бол миний аав 1980 онд Зүүнбаянд дивизийн захирагчийн орлогчийн албан тушаалд томилогдож, тухайн үедээ Зүүнбаянгийн 126 дугаар нэгтгэлийн хээрийн сургалтын төвийг шинэчилж төгөлдөржүүлэх ажлыг гардан хийж байсан юм. Гэтэл би энэ сургуульд дэд захирлаар томилогдож ирээд Шар хад сургалтын төвийг шинэчлэх ажлыг хариуцаж, зохион байгуулж байлаа. Ийм нэг уялдаа холбоо байсанд бас бэлгэшээдэг юм.
Ярианыхаа төгсгөлд Таны мэндчилгээг уншигчдадаа хүргэе …
-Энэ сургуулийн үе үеийн төгсөгчид, энэ сургуультай ажил, амьдралаа холбож, залуу насныхаа хүч хөдөлмөрийг зориулж ирсэн нийт ахмад буурлууд, энэ сургуулиас төрөн гарсан нийт генерал, офицер, ахлагч, энгийн ажилтан албан хаагчид, байлдагч, сонсогч нартаа цэргийн мэргэжлийн сургалтын байгууллага үүсэн байгуулагдсаны 100 жилийн ойн баярын мэндийг хүргэж, хамгийн сайн сайхан бүхнийг сургуулийнхаа нийт хамт олон, захиргааны зөвлөл, эрдмийн зөвлөлийн гишүүдийн нэрийн өмнөөс болоод хувиасаа хүргэе.
Цаг гарган ярилцсанд баярлалаа. Танд амжилт хүсье.
Хошууч Д.Мэндбаяр
Эх сурвалж: “Соёмбо’ сонин