Тулгар төрийн 2230 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 815 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110 жил, Ардын хувьсгалын 100 жил, Монгол Улсад анхны таван яам байгуулагдсаны 110 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх зарлиг гарган салбар бүртээ үр бүтээлтэй ажиллаж байгаа хүмүүст төрийн дээд шагнал, одон, медаль гардуулсан юм. Энэ сарын 28-ны өдөр Батлан хамгаалах яамны 110 жилийн ойг тохиолдуулан “ШИНЖЛЭХ УХААНЫ ГАВЬЯАТ ЗҮТГЭЛТЭН’ цолоор шагнагдсан Үндэсний батлан хамгаалахын их сургуулийн захирлын зөвлөх, профессор, бэлтгэл хошууч генерал Нанзаддоржийн Жалбажавыг их сургуулийн захирал, бригадын генерал П.Жаргалан хүлээн авч хүндэтгэл үзүүлж, баяр хүргэв.
Ийнхүү төрөлх их сургуулийнхаа түүхт 100 жилийн ойн жилдээ бэлтгэл хошууч генерал Н.Жалбажав нь шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн болсноор ҮБХИС 5 дахь шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэнтэй болж байна.