“ИХ ЖАНЖИН Д.СҮХБААТРЫН: АРХИВЫН БАРИМТЫН ӨВ” СЭДЭВТ ҮЗЭСГЭЛЭН ҮБХИС ДЭЭР БОЛЖ ӨНДӨРЛӨЛӨӨ

Үндэсний батлан хамгаалахын их сургууль, Архивын ерөнхий газар хамтран Их жанжин Д.Сүхбаатарын мэндэлсний 130 жил, Монгол Улсад орчин цагийн Зэвсэгт хүчин үүсэн байгуулагдсаны 102 жилийн ойг тохиолдуулан “Их жанжин Д.Сүхбаатарын Архивын баримтын өв” сэдэвт үзэсгэлэнг  2023 оны 03 дугаар сарын 16-ний өдөр Үндэсний батлан хамгаалахын их сургуулийн “Сүбээдэй” хурлын танхимд зохион байгуулж байна.

Уг арга хэмжээнд Үндэсний батлан хамгаалахын их сургуулийн захирал доктор (Ph.D), профессор бригадын генерал П.Жаргалан, Архивын ерөнхий газрын дарга С.Энхбаатар, ҮБХИС-ийн Эрдэм шинжилгээ, хамтын ажиллагаа хариуцсан дэд захирал доктор (Sc.D), профессор, хурандаа Б.Өлзийхуяг нарын хүндэт зочид болон Архивын ерөнхий газар, Үндэсний батлан хамгаалахын их сургуулийн эрдэмтэн багш нар болон БХЭШХ-ийн эрдэмтэн судлаачид сонсогч,   оролцлоо.

Өдөрлөгийг нээж АЕГ-ын дарга С.Энхбаатар хэлсэн үгэндээ: Цэргийн яамны тэргүүн сайд, Бүх цэргийн жанжин Д.Сүхбаатарын мэндэлсний 130 жил, Монгол Улсад орчин цагийн Зэвсэгт хүчин үүсэн байгуулагдсаны 102 жилийн ойг тохиолдуулан, Д.Сүхбаатарын намтар түүхээр 1920-иод оны үеийн Монголын нийгэм, улс төр, оюун санааны амьдралын өнгө аясыг илтгэн харуулах архивын шинэ шинэ баримтыг нээн илрүүлж, судлан сурталчлах зорилгоор “Их жанжин Д.Сүхбаатар: Архивын баримтын өв” сэдэвт архивын баримтын үзэсгэлэнг Архивын ерөнхий газраас дэлгэлээ.

Үзэсгэлэнг өөрийн байранд зохион байгуулахад дэмжлэг үзүүлэн, хамтран ажилласан Сүхбаатарын одонт, Цэргийн гавьяаны нэгдүгээр зэргийн одонт, Жанжин Д.Сүхбаатарын нэрэмжит Үндэсний батлан хамгаалахын их сургуулийн захирал, бригадын генерал П.Жаргалан, Эрдэм шинжилгээ, хамтын ажиллагаа хариуцсан дэд захирал хурандаа Б.Өлзийхуяг болон тус сургуулийн хамт олон Батлан хамгаалахын төв архив, Батлан хамгаалахын эрдэм шинжилгээний хүрээлэнгийн хамт олонд талархсанаа илэрхийлье.

Хүндэт зочин ҮБХИС-ийн захирал доктор (Ph.D), профессор, бригадын генерал П.Жаргалан өдөрлөгийн үед хэлсэн баярын үгэндээ: Монгол төдийгүй олон улсад Жанжин Д.Сүхбаатраар овоглосон олон цэргийн анги байдаг миний бие цэргийн амьдралаар амьдрах хугацаандаа Жанжин Д.Сүхбаатраар овоглосон 2 цэргийн ангид ажиллаж байсан бөгөөд өдгөө зэвсэгт хүчний 029 анги буюу ҮБХИС-ийг удирдаж буйдаа өөрөө бахархдаг.

Мөн Их жанжны талаарх түүх дурсамжийг судлан ирээдүй хойч үедээ сурталчлан таниулах нь хамгийн чухал тул энэхүү өдөрлөгт ҮБХИС-ийн сонсогч, оюутан нар хүрэлцэн ирсэн гэдгийг онцлон хэлж Жанжин Д.Сүхбаатрын гэх тодотголтой арга хэмжээ, өдөрлөг, тэмцээн уралдааныг дэмжин ажиллах, зохион байгуулахад манай сургууль дэмжиж ажилна гэдгээ илэрхийлсэн юм.

Үзэсгэлэнд Үндэсний төв архивын сан хөмрөгөөс Их жанжин Д.Сүхбаатарын ураг удам, бага идэр нас болон цэргийн сургуульд сурсан, улс төрийн амьдралд идэвхийлэн оролцсон, ардын хувьсгалт үйл ажиллагааг хэрэгжүүлэх, бэхжүүлэх үйл ажиллагаа, мөн Их жанжин Д.Сүхбаатарын дурсгалыг мөнхжүүлэх үйл хэрэгт холбогдох 90 гаруй баримт, гэрэл зураг багтаж байна.

Б.Ганзориг