МОНГОЛ УЛСЫН ЗЭВСЭГТ ХҮЧИНД МЭРГЭЖЛИЙН АХЛАГЧ БЭЛТГЭЖ ЭХЭЛСНИЙ БОЛОН ҮБХИС-ИЙН БАТЛАН ХАМГААЛАХЫН МЭРГЭЖЛИЙН СУРГАЛТ-ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ТӨВ ҮҮСЭН БАЙГУУЛАГДСАНЫ 30 ЖИЛИЙН ОЙН БАЯРЫН ХУРАЛ БОЛЛОО

Үндэсний Батлан Хамгаалахын Их Сургуулийн Батлан хамгаалахын Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв буюу Ахлагчийн сургууль нь одоогоос 30 жилийн өмнө Батлан хамгаалахын сайдын тушаалаар Цэргийн их сургуулийн харьяанд Ахлагч бэлтгэх төв нэртэйгээр байгуулагдаж байсан бөгөөд 30 жилийн хугацаанд сургалтын үйл ажиллагаагаа тасралтгүй явуулж мянга мянган төгсөгчдийг Зэвсэгт хүчний эгнээнд шилжүүлэн, ажил, амьдралд нь хүргэсэн бахдам түүхтэй.
Тус сургуульд ажиллаж, суралцаж байсан бүрэлдэхүүнээс цэргийн дээд цол, ахлах офицерууд, тэргүүн ахлагч цолтон, гавьяатууд, олон улсын хэмжээний мастерууд, цэрэгжлийн спортын мастерууд, спортын зэрэг цолтой тамирчид, мөн салбартаа ажлын амжилтаар дүүрэн цэргийн шилдэг мэргэжилтнүүд олон төрөн гарсан билээ.
ҮБХИС-ийн Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв нь 2010 оноос хойш даргалах албан тушаалын ахлагчийн шаталсан сургалтуудыг тогтмол явуулж ахлагч нарын манлайлал, хандлага, мэдлэг, ур чадварыг нэмэгдүүлж, ахлагчийн албаны хөгжилд хувь нэмрээ оруулж, батлан хамгаалах салбарын хэрэгцээ шаардлагыг хангасан хүний нөөцийг бэлтгэн гаргажээ.
Үндэсний хэмжээний ахлагч бэлтгэх цэргийн боловсролын ганц байгууллага болох ҮБХИС-ийн Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв буюу Ахлагчийн сургуулийн нийт төгсөгчид, үе үеийн удирдлага, хамт олон та бүхэндээ Зэвсэгт хүчинд мэргэжлийн ахлагч бэлтгэж эхэлсний болон үүсэн байгуулагдсаны 30 жилийн ойн баярын мэнд хүргэе.