Монгол Улсын ард иргэд, Зэвсэгт хүчний генерал, офицер, ахлагч, түрүүч, байлдагч, ажилтан албан хаагчид, эх орныхоо эрх чөлөө, тусгаар тогтнолыг батлан хамгаалахад залуу нас, хөдөлмөр бүтээлээ зориулсан ахмад дайчид Та бүхэндээ Монгол Улсад үндэсний эрх чөлөөний хувьсгал өрнөж, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны болон Батлан хамгаалах асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын түүхт 110 жилийн ойн баярын мэндчилгээг өргөн дэвшүүлье!
Төв Азид нутаглаж байсан нүүдэлчин аймгуудыг байлдан дагуулж нэгтгэн захирсан Модун Шаньюйгийн байгуулсан Хүннү гүрнээс эхтэй Монгол цэргийн буурал түүхийг Эзэн Богд Чингис хааны дэлхийн дайдыг төвшитгөн зассан Монгол жанжид, баатарлаг эрсийн ялгуусан ялалтаар өртөөлөн өнөө цагийн “Дэлхийн цэрэг-Монгол цэрэг” дайчин замнал, бахдам амжилтаараа залгамжлан баяжуулсаар байна.
Монголчууд бид 1911 онд үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулж, Богд хаант Монгол Улсыг даяар олноо зарлан тунхаглаж, Засгийн газраа байгуулсан бөгөөд анхны яамдын нэг нь “Цэргийн хэргийг бүгд захиран шийтгэгч яам” буюу өдгөөгийн Батлан хамгаалах яам байсан түүхтэй.
Монгол Улсын Батлан хамгаалах яам нь 1939 оны Халхын голын дайн, 1945 оны Чөлөөлөх дайн, 1948 оны Баруун хилийн зэвсэгт тулгаралтын хүнд бэрх жилүүдэд улс орныхоо эрх чөлөө, тусгаар тогтнол, нутаг дэвсгэр, хил хязгаарын бүрэн бүтэн, халдашгүй дархан байдлыг бататган хангах, ард иргэдээ аливаа аюулаас хамгаалах үүргийг амжилттай удирдан гүйцэтгэсэн төдийгүй иргэдийнхээ эрүүл мэндийг сахин хамгаалах, бичиг үсэгт сургаж, соён гэгээрүүлэх, улс ардын аж ахуйг хөгжүүлэх, аж үйлдвэржүүлэх зэрэг энх цагийн бүтээн байгуулалтын үйл хэрэгт тэргүүлэн оролцож, нийгмийн бүхий л салбарын анхдагч, хөгжлийн ундарга, хөдөлгөгч хүч нь болж, Монгол Улсынхаа хөгжил дэвшилд үнэлж баршгүй хувь нэмрийг оруулсан түүхтэй.
Өнөөдөр Монгол Улсын Батлан хамгаалах яам нь салбарынхаа хууль эрх зүйн орчныг төгөлдөржүүлэх, нэгдсэн удирдлага, төлөвлөлт бүхий дайчилгааны тогтолцоог улс орны эдийн засгийн төлөв байдал, Зэвсэгт хүчний гүйцэтгэх үүрэгт нийцүүлэн боловсронгуй болгох, орон нутгийн хамгаалалтын тогтолцоог төр, захиргааны байгууллагууд, нийт иргэний оролцоонд тулгуурлан бүрдүүлэх, орчин цагийн мэргэжлийн цэрэгт суурилсан, чадварлаг Зэвсэгт хүчнийг хөгжүүлэн бэхжүүлэх төрийн бодлогыг амжилттай хэрэгжүүлэн ажиллаж байна.
Монгол Улсын аюулгүй байдлыг хангах, батлан хамгаалах зорилтын хүрээнд Монгол Улсын Зэвсэгт хүчний алба хаагчид өнөөдөр даян дэлхийн энх тайван, аюулгүй байдлын төлөөх ариун үйлсэд хүчин зүтгэж, дэлхийн хамтын нийгэмлэгийн өмнө хүлээсэн үүргээ итгэл төгс биелүүлэхийн зэрэгцээ улсыг хөгжүүлэх стратегийн бүтээн байгуулалтад манлайлан оролцож, тавигдсан үүргүүдийг нэр төртэй гүйцэтгэж байна.
Цаашид олон улсын болон бүс нутгийн аюулгүй байдлын орчны төлөв, өөрчлөлтийн хандлагад нийцсэн батлан хамгаалах бодлогыг хэрэгжүүлж, Монгол Улсын алсын хараа, хөгжлийн зорилго, үндэсний язгуур ашиг сонирхолд тулгуурласан уян хатан, оновчтой батлан хамгаалах нэгдмэл тогтолцоог төлөвшүүлэн, гадаад харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлж, дэлхийн болон бүс нутгийн орнуудтай цэргийн итгэлцлийг бэхжүүлж, улс орныхоо тусгаар тогтнол, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдал, оршин тогтнохуйн аюулгүй байдлыг найдвартай хангах эрхэм зорилгыг тууштай хэрэгжүүлэн ажиллах болно.
Монгол Улсын нийт иргэддээ, Зэвсэгт хүчний нийт бие бүрэлдэхүүн, төрийн цэргийн байгууллагуудын алба хаагчид болон батлан хамгаалах, Зэвсэгт хүчний хөгжлийн төлөө мөр зэрэгцэн зүтгэж байгаа эрхэм хамтран зүтгэгчдэдээ Батлан хамгаалах асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын түүхт 110 жилийн ойн баярын мэндийг дахин дэвшүүлж, эрүүл энх, амжилт бүтээлийн дээдийг хүсэн ерөөе!
Монгол цэргийн сүр хүч, сүлд хийморь эгнэгт мандан бадрах болтугай.
МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ГИШҮҮН, БАТЛАН ХАМГААЛАХЫН САЙД Г.САЙХАНБАЯР