Нэгэн зууныг бүтээсэн эрдмийн их сургуулиараа овоглосон Эрхэм хүндэт үе үеийн ахмад дайчид, азай буурлууд, эрдэмтэн судлаачид, генерал, офицер, ахлагч, ажилтан албан хаагчид, сонсогч, оюутан, сурагчид, хугацаат албаны түрүүч байлдагчид,
Хүндэт даян дэлхийн энх амгалангийн ариун үйлст Монгол Улс, Монгол цэрэг, Зэвсэгт хүчнийхээ нэр алдрыг мандуулж яваа энхийг сахиулагчид Та бүхэндээ урин цагийн салхийг нааш нь эргүүлдэг, угтах өдрийн нарыг өргөж уужруулдаг, ихэс дээдсээс Монгол түмэнд өвлүүлж өгсөн, ёс төрт их баяр Цагаан сар, ХYII жарны “Буян үйлдэгч’ хэмээх усан бар жилийн Сар шинийн мэндийг ҮБХИС-ийн эрдмийн болон захиргааны зөвлөлийн гишүүдийн нэрийн өмнөөс өргөн дэвшүүлье.
Улиран одож байгаа Төмөр үхэр жил ҮБХИС-ийн эрдмийн хамт олны хувьд төрөлх сургууль үүсэн байгуулагдсаны түүхт 100 жилийн ойн баяр тохиож, Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Төрийн дээд шагнал “Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонг”-оор шагнуулж, алтан соёмбот улаан тугандаа Төрийн гуравдахь одонгоо мөнхжүүлсэн, ажил үйлс, амжилт бүтээлээр өрнүүн түүхэнд онцгой жил байсныг баярын энэ өдөр хэлэхэд таатай байна.
Эрдмийн хамт олон Та бүхэн шинэ зууны эхлэл болон ирж буй 2022 онд
Монгол Улсынхаа батлан хамгаалах салбар, Зэвсэгт хүчин төдийгүй иргэний салбарын сайн сайхан хөгжлийн төлөө оюун ухаанаа дайчлан, эрдэм номын их үйлсэд хоёргүй сэтгэлээр ажиллаж, ололт амжилтаар дүүрэн байхыг хүсэн ерөөе.
Монголчууд бидний үндэстний өв соёлоо өвлүүлэх, удам судар, ураг төрлөө мэдэлцэх, эв эеийг эрхэмлэн дээдлэх, төрт ёс, тусгаар тогтнолын дархлаа болсон уламжлалт сайхан баяраараа Эрхэм та бүхэн тэнгэр хангай, уул усандаа сүслэн мөргөж, хийморь сүлдээ сэргээн, азай буурлууд, ахас дээдсээ хүндэтгэн, учран золгох хүн бүртээ сэтгэлийн сайхан үгийг бэлэглэж, үйлсийн сайныг ярилцан, эвдрэлцсэн нэгнээ уучлан өршөөж, ухаарал нигүүлслийн сэтгэлээр ураг төрлөөрөө амар амгалан сар шинэдээ сайхан шинэлээрэй.
Өрх гэр бүрд баяр жаргал, эрүүл энх, саруул сайхан, бэлгэ ерөөл түгэн дэлгэрч, хүн зон минь энх сайхан цагтай учран золгох болтугай!
БРИГАДЫН ГЕНЕРАЛ П.ЖАРГАЛАН