МЭНДЧИЛГЭЭ

Эрхэм хүндэт эрдэмтэн багш, судлаачид аа

“Монгол Улсад цэргийн эрдэмтэд бэлтгэж эхэлсэний 30 жилийн ойн баяр”-ыг тохиолдуулан ҮБХИС-ийн үе үеийн эрдмийн хамт олон, Батлан хамгаалах салбар, Зэвсэгт хүчин, Төрийн цэргийн байгууллага, төрийн алба, хувийн хэвшилд ажиллаж байгаа доктор, профессор болон ахмад эрдэмтэд та бүхэндээ чин сэтгэлийн халуун мэндчилгээ дэвшүүлье.

Өнөөгөөс 30 жилийн тэртээ 1992 оны 11 дүгээр сард Цэргийн их сургуулийн дэргэд, Монгол Улсад цэргийн эрдэмтдийг бэлтгэхээр “Эрдэм шинжилгээ, адъюнктурын тасаг” байгуулж, 4 залуу офицер өдрөөр, 2 офицер эчнээгээр элсэн орж тусгай хөтөлбөрөөр сургалт явуулж эхэлсэн нь Монгол Улсад цэргийн эрдэмтэд бэлтгэх их үйлсийн гараа болсон билээ.

Тэр үед Батлан хамгаалах салбарын хэмжээнд цөөн хэдхэн “дэд эрдэмтэн” зэрэгтэй офицер байсан нь бүгд гадаадад суралцаж диссертациа тууривсан хүмүүс байсан.

Тэгвэл өнөөдөр цэргийн эрдэмтдийг Монгол Улсад бэлтгэж ирсэн 30 жилийн хугацаанд ҮБХИС-ийн дэргэдэх “Эрдмийн зэрэг хамгаалуулах зөвлөл”-д 123 судлаач  эрдмийн зэргээ хамгаалж, Батлан хамгаалах салбар, Зэвсэгт хүчин  болон ОБЕГ, цагдаа, тагнуул, шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба гэх зэрэг хүчний байгууллагад, мэргэжлийн дагуу үр бүтээлтэй ажиллаж байгаа нь бүгд ҮБХИС-д суралцаж бэлтгэгдсэн эрдэмтэд юм.

Цэргийн эрдэмтдийн хийсэн суурь болон хавсрага судалгаа, эрдэм шинжилгээний ажлын чанар нь өнөөгийн тавигдаж буй шаардлагыг хангаж байгаа  бөгөөд судалгааны ажлийн үр дүн, зөвлөмж амьдралд хэрэгжиж, Монголын Улсын Зэвсэгт хүчний бэлэн байдал, байлдааны чадавхийг дээшлүүлэх, үндэсний аюулгүй байдлыг хангах үйл хэрэгт бодит хувь нэмэр оруулж байна.

Монгол улсын хэмжээнд болон Батлан хамгаалахын сайдын нэрэмжит шилдэг бүтээлийн шалгаруулалтад манай сургуулийн эрдэмтэн судлаачид, багш нар, оюутнууд идэвхийлэн оролцож тэргүүн байруудад шалгарч ирсэн нь бидний бахархал болж байна.

Монголын үе үеийн эрдэмтэн судлаачид, сургуулийн эрдмийн хамт олондоо Монгол Улсад цэргийн эрдэмтэд бэлтгэж эхэлсэний 30 жилийн ойн баярын мэнд хүргэж, эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

Та бүхнийг төрийн босоо цагаан сүлд нь ивээж, эрдэм номын цагаан буян дэлгэрэх болтугай.

 

ҮБХИС-ИЙН ЗАХИРАЛ, ПРОФЕССОР,

БРИГАДЫН ГЕНЕРАЛ                                           П.ЖАРГАЛАН