ХОВД ХОТЫГ МАНЖИЙН ЭРХШЭЭЛЭЭС ЧӨЛӨӨЛСНИЙ 110 ЖИЛИЙН ОЙД ЗОРИУЛСАН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛ БОЛЛОО

Ховд аймгийн Жаргалант сумын ЗДТГ, Ховд их сургуулийн сургуулийн Нийгэм, Хүмүүнлэгийн Ухааны сургууль , Үндэсний батлан хамгаалахын их сургуулийн Батлан хамгаалахын эрдэм шинжилгээний хүрээлэн хамтран “Ховд хотыг Манжийн эрхшээлээс чөлөөлсний 110 жилийн ойд зориулсан эрдэм шинжилгээний хурал”-ыг 2022 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр Ховд аймгийн Жаргалант сумын ИТХ-ын танхимд амжилттай зохион байгууллаа.

Тус эрдэм шинжилгээний хурлын нээлтийн үйл ажиллагаанд Ховд аймгийн ИТХ-ын дарга Л.Отгонцагаан, Жаргалант сумын засаг дарга, Ховд хотын захирагч Ц.Цогтбаяр, ШУА-ийн Түүх, угсаатны зүйн хүрээлэнгийн захирал, доктор (Ph.D), дэд профессор Ц.Цэрэндорж, Ховд Их сургуулийн НХУС-ийн захирал, доктор (Ph.D), профессор Г.Пүрэвдорж, Үндэсний батлан хамгаалахын их сургуулийн Батлан хамгаалахын эрдэм шинжилгээний хүрээлэнгийн Цэргийн түүх, сургамж судлалын төвийн дарга, доктор (Ph.D), дэд профессор, хошууч Т.Сүхбаатар, ОХУ-ын Тува улсын Хүмүүнлэг, хэрэглээний нийгэм эдийн засгийн хүрээлэнгийн секторын эрхлэгч, доктор Бичелдей Ульяна Павловна нарын хүндэт зочид, ШУА-ын Түүх, угсаатны зүйн хүрээлэн, МУИС, МУБИС, ҮБХИС, БХЭШХ, Баруун 5 аймаг болон Хөвсгөл аймгийн музейн захирал, эрдэм шинжилгээний ажилчид, Ховд их сургуулийн НХУС-ын эрдэмтэн багш нар, оюутнууд оролцлоо.

Хүндэт зочдыг үг хэлсний дараа “Алс газарт дүрэлзсэн гал” баримтат киноны нээлтийн үйл ажиллагаа болов. Ховд Их сургуулийн НХУС-ийн багш “Алс газарт дүрэлзсэн гал” баримтат киноны зохиогч, доктор (Ph.D), профессор Б.Батмөнх баримтат киноны танилцуулгыг хийж, эрдэм шинжилгээний хуралд оролцогчдод баримтат киног үзүүллээ.

Эрдэм шинжилгээний хуралд 6 байгууллагын нийт 20 гаруй илтгэл ирүүлснээс 5 байгууллагын 16 илтгэл хэлэлцүүлэв. ОХУ-ын Тува улсын Хүмүүнлэг, хэрэглээний нийгэм эдийн засгийн хүрээлэнгийн судлаачид хүндэтгэх шалтгааны улмаас хүрэлцэн ирж амжаагүй ба ҮБХИС-ээс Батлан хамгаалахын эрдэм шинжилгээний хүрээлэнгийн Цэргийн түүх, сургамж судлалын төвийн дарга, доктор (Ph.D), дэд профессор, хошууч Т.Сүхбаатар “Монгол цэргийн түүхэнд Ховдыг чөлөөлөх тулалдааны эзлэх байр суурь”, Дайн цэргийн урлаг судлалын төвийн эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан, доктор (Sc.D), профессор Х.Шагдар “Монголын улс төрийн анхны цуглаан”, Аюулгүй байдал, батлан хамгаалах судлалын төвийн эрдэм шинжилгээний ажилтан, доктор (Ph.D), дэд профессор Х.Орхончимэг, Аюулгүй байдлын дээд сургуулийн Нийгэм хүмүүнлэгийн тэнхимийн багш, магистр Н.Оюундэлгэр “Ховдын байлдаанд гавьяа байгуулсан зарим хүмүүсийн гавьяаг тодруулах нь”, Цэргийн түүх, сургамж судлалын төвийн эрдэм шинжилгээний ажилтан, дэд хурандаа Н.Хүдэрбат “1932 оны Зэвсэгт бослогыг дарахад 4 дүгээр морьт дивизийн гүйцэтгэсэн үүрэг”, Цэргийн түүх, сургамж судлалын төвийн эрдэм шинжилгээний ажилтан, магистр, ахлах дэслэгч Ц.Бямба-Эрдэнэ, Э.Түвшин “Соёлын өвийн хадгалалт, хамгаалалт ба Сангийн хэрэм” зэрэг илтгэлүүд хэлэлцүүлэв.

БХЭШХ