ХОСОЛМОЛ ДАЙНЫ ТАЛААР ЭРДЭМТЭН СУДЛААЧИД ХЭЛЭЛЦЭЖ БАЙНА

Монгол цэргийн өдөр, Орчин цагийн Зэвсэгт хүчин үүсэн байгуулагдсан 102 жилийн ойг тохиолдуулан БХЯ-ны Шинжлэх ухаан, технологийн зөвлөл, Зэвсэгт хүчний Жанжин штаб, Үндэсний батлан хамгаалахын их сургууль, Батлан хамгаалахын эрдэм шинжилгээний хүрээлэн хамтран энэхүү эрдэм шинжилгээний хурлыг ҮБХИС-ийн олон улсын хурлын “Сүбээдэй” танхимд зохион байгуулж байна.

2007 оноос уламжлал болон жил бүр зохион байгуулагдаж байгаа уг эрдэм шинжилгээний хурлаар цэргийн удирдлага, цэргийн монгол судлал, сургалт, Зэвсэгт хүчнийг хөгжүүлэх онолын асуудал зэрэг олон сэдвийн хүрээнд өрнөж байсан бол 17 дахь удаагаа болж буй энэ удаагийн хурлын зорилго нь шинэ зууны шинэ дайн буюу хосолмол дайны стратеги, тактикийн асуудлыг гүнзгийрүүлэн судалж, үндэсний цэргийн урлагийг хөгжүүлэх, Зэвсэгт хүчний байгуулалтын үндсэн арга хэмжээнүүдийг хэрэгжүүлэхэд харгалзан үзэх чухал асуудлыг шүүн хэлэлцэж, нэгдсэн ойлголтод хүрэх, цаашдын үйл ажиллагааны үндсийг тодорхойлоход оршиж байна.

Эрдэм шинжилгээний хурлыг Батлан хамгаалахын дэд сайд Б.Баярмагнай нээж, оролцогчдод амжилт хүсэж үг хэлсэн бол ЗХЖШ-ын дарга бригадын генерал С.Ганбямба анхны илтгэлийг хэлэлцүүлсэн юм. Түүнчлэн БХЭШХ-ийн Дайн, цэргийн урлаг судлалын төвийн тэргүүлэх зэргийн эрдэмтэн, цэргийн түүхийн ухааны доктор (Sc.D), хурандаа Х.Шагдар, Монгол Улсын шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, доктор профессор Ш.Паламдорж, доктор профессор О.Үржин, Б.Мөнхсайхан нарын судлаачид судалгааны ажлын үр дүнгээр илтгэл тавьж хэлэлцүүллээ.

Хурлын үеэр ҮБХИС-ийн захирал доктор (Ph.D), профессор бригадын генерал П.Жаргалан энэ удаагийн хурлын онцлог болон цаашид гүнзгийрүүлэн судлах нь чухал гэдгийг онцлон хэллээ. ЗХЖШ-ын номын сангийн архивт “Дайны үеийн жанжин штаб” бүтээлийг хадгалуулж буйгаа илэрхийлж ЗХЖШ-ын нэгдүгээр орлогч дарга хурандаа Ж.Өсөхбаярт гардуулж өгөв.

Мөн ҮБХИС-д өөрийн бие сэтгэлээр хамгийн ихээр тусалж дэмждэг ҮБХИС-ийн Сургалт цэргийн хариуцсан тэргүүн дэд захирал байсан одоо Кибер аюулгүй байдлын цэргийн командлагч доктор (Ph.D), бригадын генерал Д.Баасандамбад БХЭШХ-ийн эрдэмтэн судлаачдын эрхлэн гаргасан бүтээлийн дээжийг дурсгалын зүйлийн хамт гардууллаа. Мөн Батлан хамгаалах салбарт хамгийн олон жил ажиллаж буй хурандаа Д.Пүрэвсан, ЗХЖШ-ын хамгийн залуу офицер, хамгийн залуу ахлагч нарт мөн адил дурсгалын зүйлс гардуулсан юм.

Энэхүү хуралд ҮАБК-ийн ажлын алба, ЕТГ-ын удирдах албан тушаалтнууд, БХЯ, ЗХЖШ, төрийн цэргийн бусад байгууллага, төрлийн цэргийн командлал, удирдах газар, ҮБХИС-ийн удирдлага, эрдэмтэн судлаачид урилгаар оролцсон юм.

Б.Ганзориг