ХУГАЦААТ ЦЭРГИЙН АЛБА ХААГЧИД БАЙЛДААНЫ ТУГАНДАА ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ

2023 оны хоёрдугаар ээлжээр хугацаат цэргийн алба хаасан дайчдыг бэлтгэлээр халах, Байлдааны туганд хүндэтгэл үзүүлэх ёслолын ажиллагааг зохион байгууллаа.
Зэвсэгт хүчний 029 дүгээр анги буюу ҮБХИС-ийн Харуул, үйлчилгээний ротод 2023-2024 оны сургуулийн жилд хугацаат цэргийн алба хаасан түрүүч, байлдагч нар энэ сарын 13-ний өдөр Байлдааны туганд хүндэтгэл үзүүлж, бэлтгэлээр халагдлаа.
Ёслолын ажиллагаанд ҮБХИС-ийн удирдлага, албан хаагчид, бэлтгэлээр халагдаж буй байлдагч нар оролцсон юм.
ҮБХИС-ийн захирал бригадын генерал С.Дашзэвэг хэлсэн үгэндээ Монгол Улсын Үндсэн хуульд заасан үүргээ биелүүлж, өргөсөн тангарагтаа үнэнч байж цэргийн эрдэмд шамдан суралцаж үүргээ нэр төртэй, үр бүтээлтэй, үлгэр жишээ гүйцэтгэж, цэргийн албаа хаасан хөвгүүдээрээ өнөөдөр үнэхээр бахархаж байна, баярлалаа. Цаашид та бүхэн цэргийн алба хаасан хэмээх энэ үнэт зүйлээрээ үргэлж бахархаж яваарай гээд баяр хүргэв.
Мөн бэлтгэлээр халагдаж буй байлдагч нарт сургуулийн нийт бүрэлдэхүүн баяр хүргэж, ҮБХИС-ийн алба, хэлтэс нэгжүүд гарын бэлгээ гардуулсан юм.
Монгол Улсын Үндсэн хуулиар хүлээсэн үүргийн дагуу хугацаат цэргийн албаа хааж, бэлтгэлээр халагдаж буй дайчдыг урамшуулж, дайчин нөхөрлөлийг бэхжүүлсэн арга хэмжээ боллоо.
Нийт бэлтгэлээр халдагдсан дайчдынхаа цаашдын ажил, амьдралд нь сайн сайхан бүхнийг хүсье. Үндэсний Батлан Хамгаалахын Их сургууль та бүхнийг мартахгүй.