“ХЭЛ, СОЁЛЫН ӨДӨРЛӨГ-2022” БОЛЛОО

Тус сургуулийн Гадаад хэлний сургалтын төвийн хамт олон суралцагчдынхаа гадаад хэл сурах хүсэл, сонирхлыг нэмэгдүүлэх, бүтээлч сэтгэхүйг нээн хөгжүүлэх, сурч буй хэлээрээ ярилцах, өөрийгөө илэрхийлэх, улс үндэстний түүх соёлыг сурталчлах зорилгоор жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Хэл, соёлын өдөрлөг”-ийг амжилттай зохион байгууллаа.

Өдөрлөгийн арга хэмжээнд ҮБХИС-ийн Захиргаа удирдлагын хэлтсийн дарга, хурандаа О.Жамбажамц, Сургалтын хэлтсийн дарга, хурандаа Б.Батмөнх, ГХСТ-ийн багш нар, АНУ, ОХУ, БНХАУ, БНТУ, Япон улсаас Монгол Улсад суугаа ЭСЯ-ны цэргийн атташе, атташегийн туслах болон Монгол-Оросын найрамдлын нийгэмлэгийн дэд тэргүүн, Монгол-Германы хамтарсан ашигт малтмал, технологийн сургуулийн багш нарын төлөөлөл зэрэг хүндэт зочид оролцлоо.

Дамжаанд суралцагчид орон, орны хэл дээр урлагийн мэндчилгээ дэвшүүлэн Англи, Америк, Австрали, Турк, Франц, Солонгос, Орос, Хятад, Герман улсуудын тухай товч танилцуулга бэлтгэн хүргэж гадаад хэл хэр зэрэг эзэмшиж, тухайн орныхоо түүх соёлоос хэрхэн суралцаж байгаагаа харуулсан юм.

Арга хэмжээний төгсгөлд суралцагчид дээрх улсуудын үндэсний хувцас өмсөж тухайн орны төрөл бүрийн хоол, зууш, амттан, ундаагаар хүндэт зочдыг дайлан хүндэтгэл үзүүлснээр “ХЭЛ, СОЁЛЫН ӨДӨРЛӨГ-2022” арга хэмжээ амжилттай өндөрлөлөө.