ҮБХИС-ийн Гадаад хэлний сургалтын төв үүсгэн байгуулагдсаны 50 жилийн ойг тохиолдуудан тус төвөөс 2024 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр “Шинжлэх ухааны нэр томъёо ба гадаад хэлний сургалт судалгаа” сэдэвт Олон улсын эрдэм шинжилгээний хурлыг зохион байгууллаа.
ҮБХИС-ийн Гадаад хэлний сургалтын төвийн үе үеийн эрдэмтэн багш нар гадаад хэлний сургалт явуулах үндсэн үүргийн зэрэгцээ хэл шинжлэл, гадаад хэлний сургалт, боловсрол судлал, заах аргазүй, орчуулгын асуудал зэрэг олон чиглэл сэдвийн хүрээнд өөрсдийн эрдэм шинжилгээ, судалгааны ажлыг тасралтгүй хийж судалгааны ажлын үр дүнгээ дотоод, гадаадын эрдэмтэн багш нартай хуваалцаж, харилцан туршлага солилцож, сургалт, судалгааны үйл ажиллагаандаа сайн туршлагыг нэвтрүүлэн ажиллаж байна.
Энэ удаагийн олон улсын эрдэм шинжилгээний хуралд МУИС, ШУТИС, МУБИС, ХААИС, ДХИС, Сити их сургууль болон ҮБХИС-ийн 30 гаруй гадаад, дотоодын гадаад хэлний багш, судлаачид илтгэлээ ирүүлснээс ҮБХИС-ийн франц хэлний багш Н.Уранчимэг, Шарлот Бонин нарын “Франц хэл, цэргийн гадаад хэлний сургалт”, МУИС-ийн Баруун бүсийн Гадаад хэлний тэнхимийн ахлах багш, доктор (Ph.D) Б.Алтантуяагийн “Хэл ярианы этикетийн хэлбэр “Хүсэн ерөөх”-ийн хэлний харилцаан дахь үүрэг”, МУБИС-ийн багш, доктор (Ph.D) Н.Мөнхбаярын ““Spaced repetition-Зайтай давтах арга”-ыг англи хэлний сургалтад хэрэглэх нь”, ДХИС-ийн Гадаад хэлний институтын ахлах багш, ахлах дэслэгч Ж.Буянжаргалын “Хуулийн нэр томъёог эзэмшүүлэхэд тулгамдаж буй асуудал” зэрэг 14 илтгэлийг хуралдааны үеэр хэлэлцүүлэн, хуралд оролцогч эрдэмтэн багш, судлаачид харилцан санал бодлоо солилцсон сонирхолтой, чухал ач холбогдолтой хуралдаан боллоо.