ЭРДЭМТЭН СУДЛААЧИД ЧУУЛЛАА

Батлан хамгаалах удирдлагын академийн 30 жилийн түүх, академийн хөгжлийн стратегийг тодорхойлох зорилгоор “Батлан хамгаалах удирдлагын академи-30 жил: Өнөө ба ирээдүйн хөгжлийн чиг хандлага” сэдэвт эрдэм шинжилгээний хурлыг зохион байгуулж байна. Эл хуралд ҮАБЗ, ЗХЖШ, Төрлийн цэргийн командлал, ХХЕГ, ОБЕГ-ын удирдлага төлөөлөл, ҮБХИС, БХУА-ийн үе үеийн болон одоо ажиллаж буй удирдлагууд, төгсөгчид, сонсогч нарын төлөөлөл оролцлоо.
Хурлыг нээж ҮБХИС-ийн захирал бригадын генерал П.Жаргалан хэлсэн үгэндээ Монгол Улсын Зэвсэгт хүчин мэргэжлийн цэрэгт суурилсан чадварлаг боловсон хүчинтэй болох тэргүүн зорилтыг дэвшүүлэн ажиллаж байна. Анх Батлан хамгаадах сайдын 1993 оны 1 дүгээр сарын 13-ны өдрийн тушаалаар ҮБХИС цэргийн дээд боловсролтой боловсон хүчнийг дотооддоо бэлтгэх хэрэгцээ, шаардлагад нийцүүлэн БХУА-г “Оперативын факультет” нэртэйгээр үүсгэн байгуулж байв. Өдгөө уг академийн 30 жилийн ойн босгон дээр ирээдүйн бодлого, зорилтоо тодотгохоор бид бүхэн хуран цугласан нь дээрх шийдвэр алсын хараатай оновчтой, зөв зүйтэй зүйл байсныг батлан харуулж байна” гэлээ.
Хурлын хүрээнд БХУА-ийн захирал, докторант, бригадын генерал Л.Онцгойбаяр “БХУА-ийн өнөө ба ирээдүйн хөгжлийн чиг хандлага”, Монгол Улсын гавьяат багш, доктор (Ph.D) профессор ҮБХИС-ийн Хүндэт доктор Б.Түмэн “БХУА-ийн Батлан хамгаалах салбарт оруулж буй хувь нэмэр”, ҮАБЗ-ийн ажлын албаны стратегийн бодлогын хэлтсийн дарга, доктор (Ph.D) хурандаа Р.Энхболд “Үндэсний аюулгүй байдлын судлагдахуун, онцлох асуудлууд”, БХЭШХ-ийн захирал, доктор (Ph.D) хурандаа Б.Эрдэнэбат “Хөгжингүй орнуудын удирдах бүрэлдэхүүнийг бэлтгэж буй туршлага, сургамж”, Хилийн цэргийн ЭШХ-ийн дэд захирал, доктор (Ph.D) хурандаа Ц.Одбаяр “Улсын хил хамгаалалт ба удирдах бүрэлдэхүүнийг бэлтгэж буй туршлага, цаашдын чиг хандлага” сэдвээр тус тус илтгэлээ танилцуулж нийт бие бүрэлдэхүүний дунд нэгдсэн хэлэлцүүлгийг өрнүүлсэн юм.
Тус академи нь Удирдлага, Эрдэм шинжилгээ сургалтын алба, Аюулгүй байдал стратегийн төв, Операц-тактикийн төв, Цэргийн удирдлагын төвийн эрдэмтэн багш, судлаачдын бүрэлдэхүүнтэйгээр “Операц-тактик цэргийн удирдлага”-ын мэргэжлээр магистрын зэрэг олгох албан тушаалын болон ахисан түвшний сургалтыг зохион байгуулж, улсыг батлан хамгаалах аюулгүй байдлыг хангах бодлогын чиг үүргийг хэрэгжүүлэх чадавхтай удирдах албан тушаалтныг Монгол Улсын Батлан хамгаалах салбар болон төрийн цэргийн байгууллагуудад бэлтгэн гаргасаар байна.