“ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ИЛТГЭЛ БА ӨГҮҮЛЛЭГИЙН ТУХАЙ ОЙЛГОЛТ”

ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ИЛТГЭЛ

 

Олон жилийн ажлын арвин туршлага, судлан шинжлэх ажлын явцдаа олж авсан мэдлэгтээ тулгуурлан оюунаа уралдуулж, номын үгээр мэтгэлзэхдээ, тухайн сэдвийнхээ утгад гүнзгий нэвтэрсэн шинэлэг санаа нь аливаа эрдэм шинжилгээний илтгэлийн амин сүнс.  Өөрөөр хэлбэл эрдэм шинжилгээний илтгэл бичиж, хэлэлцүүлнэ гэдэг бол мэргэжлээ бие дааж дээшлүүлж байгаа хамгийн том хэлбэр. Гэхдээ судалгааны ажлын үр дүн (шинэ болон нэмэлт мэдлэг ) – гээ амаар оновчтой тайлбарлан илтгэх чадвар эрдэм шинжилгээний илтгэлд тавих гол шаардлага.  Судлагчдын оюун тархинд нь юм юм бодогдуулсан илтгэлийн үнэ цэн нь баримт, нотолгоонд тулгуурлан, шинжлэх ухааны үндэстэй тайлбарлан ярих чадвартаа байдаг. Өөрөөр хэлбэл тогтоосон хугацаанд багтааж уран илтгэнэ гэсэн үг. ЭШ-ний илтгэл нь санал дүгнэлт, шинэлэг санаагаа тайлбарлан ярьдаг бол ЭШ-ний өгүүлэл нь санал дүгнэлт, шинэ санаагаа зохистой найруулгаар тайлбарлан бичдэг. Илтгэл мэргэжлийн хүмүүст зориулагддаг бол өгүүлэл мэргэшсэн судлагчдад зориулагдсан байдгаараа ялгаатай. Илтгэл нь шинэлэг санааг олон нийтэд түгээх зорилгоороо эрдэм шинжилгээний өгүүллээс ялгаатай.

Жич: Эрдэм шинжилгээний илтгэлд үйл үгийг голдуу одоо цагийн хэлбэрээр, нэгдүгээр биеийн төлөөний үгийг олон тоогоор бичиж хэвшсэн байдаг. Мөн хүүрнэх аястай, олон гишүүнт энгийн өгүүлбэр голлосон байна. Илтгэлийнхээ гол санааг олшруулж, сонсогчийн гар дээр урьдчилан бэлтгэж өгвөл илүү сонирхолтой болно.Эрдэм шинжилгээний илтгэлд эрхэмлэх нэг зүйл нь бусдын санааг хуулбарлан зохиогчийн эрхийг зөрчөөгүй байх явдал.

 

ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ӨГYYЛЭЛ

 

        Эрдэм шинжилгээний өгүүлэл бичих нь их дээд сургуулийн эрдэмтэн багш нар судалгааны ажлаа нийтэд сурталчлах, судалгааны ажлын үр дүн (шинэ болон нэмэлт мэдлэг )- гээ эрдэмтэн судлагчдаар хэлэлцүүлэх боломжийг олгосон хамгийн чухал нээлттэй хэлбэр.

Эрдэм шинжилгээний өгүүлэл нь мэргэшсэн судлагчдад зориулагдан, тухайн сэдвийнхээ учир шалтгааныг гүнзгий тайлбарласнаар шинжлэх ухааны “ШИНЭ МЭДЛЭГ” бүтээж түүнийхээ оновчтой санал, санаа, санаачилгыг дэлхийн тэргүүлэх эрдэмтэдтэй хуваалцахад чиглэгдэнэ.  

       Шинжлэх ухааны “шинэ мэдлэг, шинэ санаа”-ныхаа учир шалтгааныг мэргэшсэн судлагчдад итгүүлэхийн тулд өөрийн  төсөөлөлд тулгуурлан “ уран санаа, ухаалаг  шийдэл”-ээ тайлбарлан бичнэ.

        Шинжлэх ухааны шинэ мэдлэг гэж ердийн шинэ зүйл бус ертөнцийн нууцад нэвтэрч, амьдралын утга учрыг тайлахад чиглэгдсэн  бүтээлч (үр ашигтай ) шинэ мэдлэгийг хэлнэ. Бидний  мэдэхгүйгээ мэдэж авсан мэдлэг бол ердийн шинэ мэдлэг, хөгжил дэвшилд  өөрийн гэсэн хувь нэмрээ оруулсан шинэ мэдлэгийг шинжлэх ухааны шинэ мэдлэг гэж үзнэ. (ЭШ-ийн илтгэл ердийн шинэ мэдлэг, ЭШ-ий өгүүлэл шинжлэх ухааны шинэ мэдлэгийг бүтээнэ )

        Олон улсад нэр хүндтэй шинжлэх ухааны жинхэнэ сэтгүүл хөгжил дэвшилд үнэнхүү хэрэгтэй (маш эрхэм, гарамгай, гайхалтай, хачин сонин, ер бусын, онцгой, эгэлгүй, ижилгүй, хосгүй, эрдэм чадал нь хэтийдсэн ) “МЭРГЭН САНАА”-г  ( бодож сэтгэж буй зүйл ) эрдэм шинжилгээний өгүүллийн амин сүнс гэж үздэг. Өөрөөр хэлбэл өргөн хүрээтэй асуудлаас  мэргэшлийн маш нарийн шинжлэх ухаанч дүгнэлтэд хүрэх нь эрдэм шинжилгээний өгүүллийн гол онцлог. Өөрөөр хэлбэл эрдэм шинжилгээний өгүүлэл бичиж нийтлүүлнэ гэдэг бол шинжлэх ухааны салбарт ажиллаж байгаа хүний мэдрэлээр наадсан хүнд хөдөлмөр.

      Оюуны өрсөлдөөний ертөнцөд хэн мэдлэгтэй нь амжилтад хүрнэ. Гагцхүү мэдлэг л хүнийг эрх чөлөөтэй, агуу болгодог. Мэдлэг бол бие даасан эрч хүч учраас л үнэ цэнтэй. Орчин цагт зөвхөн инновац буюу мэдлэгт суурилсан эдийн засгаа хөгжүүлж чадсан улс, үндэстэн хөгжлийн оргилд тэмүүлнэ.

      Мэдлэгийг бие даасан хүч, инноваци (шинэ бүтээлийн оновчтой, санаа, санал, санаачилга ) болгон шинжлэх ухааны эргэлтэд оруулдаг хамгийн чухал хөшүүрэг (платформ ) нь эрдэм шинжилгээний өгүүлэл. Өөрөөр хэлбэл судалгааны ажлын үр дүнд шинэ мэдлэг бүтээж, нийтийн хүртээл болгохдоо нийгмийг соён гэгээрүүлэх нь эрдэм шинжилгээний өгүүллийн гол утга учир. Тэгэхдээ зохиогч бичсэн зүйлээ өөрөө бүрэн хариуцах чадвартай байх ёстой.

       Төрийн шагналт, гавьяат эмч М. Амбага гуайн бичсэн ном “Lamber”-т хэвлэгдсэн шиг, гадаадын нэр хүндтэй шинжлэх ухааны сэтгүүлд англиар өгүүлэл хэвлүүлэх замаар монгол “үндэстнээрээ овоглосон” шинэ мэдлэгээр дэлхийн шинжлэх ухааны мэдлэгийн орон зайг тэлсэн эрдэм шинжилгээний өгүүлэл маш чухал. Энэ нь дэлхийн түвшний судалгаанд монгол хүн оролцож байгааг, ертөнцийн шинжлэх ухааны хөгжилд монгол хүн хувь нэмрээ оруулж байгааг харуулсан хэрэг. Монголын эрдэмтэд дэлхийн эрдэмтэдтэй санаа бодлоо чөлөөтэй хуваалцаж, тэднийг алмайруулах мэргэн санаагаа бичээд бас биднийг гайхашруулах гарамгай санааг тэднээс авч ажиллах бололцоог зөвхөн эрдэм шинжилгээний “өгүүлэл” олгодог.

(… Ертөнцийн шинжлэх ухааны охь болсон мэдээллийн санд өөрийн мэдээллийг оруулах нь тухайн улс, үндэстний нэр төрийн асуудал… Олон улсын нэр хүндтэй мэргэжлийн сэтгүүлд хэвлэгдсэн эрдэм шинжилгээний өгүүлэл нь тухайн улсынхаа нэр хүндийн асуудал бөгөөд энэ нь дэлхийн өндөр хөгжилтэй орнуудын оюуны өрсөлдөөний жинхэнэ талбар болдог аж. Учир нь уг бүтээл тухайн үндэстний оюуны чадамжийн илэрхийлэл болохоос гадна маш олон мэргэшсэн судлагчдад хүрдэг )   Монгол Улсад шинжлэх ухаан хэрэгтэй юу? Өдрийн сонин 2012.01.13 №010

 Дэлхийн шинжлэх ухааны мэдээллийн санд бүртгэлтэй шинжлэх ухааны нэр хүндтэй сэтгүүлд 2022 онд манай улсын эрдэмтдийн бичсэн 4 өгүүлэл нийтлэгдсэнийг МҮОНТ-р нэгэнт мэдээлчихсэн. Тийм өндөр шаардлагыг тухайн сэтгүүлийн редакцийн босго тавьдаг учир шинжлэх ухааны өгүүллийн хэл найруулга цэгц, утга хэлзүйн алдаагүй, үгийн сонголт оновчтой, нэр томьёо нэг мөр болсон байх нь маш чухал.

 

 

БАГШИЙН ХӨГЖИЛ, ЦАХИМ СУРГАЛТЫН ТӨВ