ҮБХИС-ИЙН “АРАВТ БАГ” “КАНСАТ-2024” БИЧИЛ ХИЙМЭЛ ДАГУУЛ ХӨӨРГӨХ ҮНДЭСНИЙ VII ТЭМЦЭЭНД ДЭД БАЙРТ ШАЛГАРАВ

Цахим хөгжил, харилцаа холбооны яам, Монголын сансрын технологийн холбооноос зохион байгуулсан сансрын технологийг эзэмших хөгжүүлэх, хүний нөөц бэлтгэх зорилготой “КАНСАТ-2024” тэмцээний төгсгөлийн шат “НИСЛЭГИЙН ТУРШИЛТ” 2024 оны 05 дугаар сарын 26-ны өдөр Налайх дүүргийн Дархан ноёны худагт зохион байгуулагдаж, 06 дугаар сарын 01-ний өдөр тэмцээний шагнал гардуулах ёслол Сансар, од эрхсийн ордон “Астропарк”-д боллоо.
ҮБХИС-ийн зүгээс суралцагчдын эрдэм шинжилгээ, судалгааны ажил, технологи инновацын үйл ажиллагааг судалгааны баг, мэргэжлийн клуб, дугуйлангийн үйл ажиллагаагаар дамжуулан онцгойлон дэмждэг. Үүний нэг болох математик, физик суурьтай мэргэжлийн хөтөлбөрөөр суралцагчдын төлөөлөл 24 сонсогч, оюутнаас бүрдэх АРАВТ багийн бэлтгэлийг мэргэжил, арга зүйгээр 4 сарын турш гүйцэтгэж, сансрын технологид суралцууллаа.
ҮБХИС-ийн Эрдэм шинжилгээ, инновацийн хэлтсийн мэргэжилтэн ахлах дэслэгч Л.Бямбажаргал, ЦНДС-ийн Агаарын цэргийн тэнхимийн багш ахмад Л.Мандалбаяр, АБДС-ийн электроникийн тэнхимийн багш Б.Очир-Эрдэнэ нараар ахлуулсан Аравт багийн гишүүд суралцагчид өөрдсийн зохион бүтээсэн нарны зайн үүсгүүр хүчдлийг хэмжих, байр зүйн хиймэл дагуулын мэдээллээр хоёр цэгийн хооронд зай тодорхойлох, газар орны болон агаарын хордолт хэмжих зэрэг зориулалттай лаазанд багтах бичил хиймэл дагуул /CANSAT-КАНСАТ/, төрлөөр 5 дугаар, нислэгийн чөлөөт уналтын дараах заасан цэгийн координат руу автоматаар хүрэх үүрэгтэй буцагч робот төрөлд 2 дугаар байрт тус тус шалгарлаа.
Аравт багийг Спийд аксон ХХК-ийн “MindTech” брэнд дэмжин ажиллаа. Спийд аксон ХХК-ийн хамт олондоо ҮБХИС-ийн эрдмийн хамт олны нэрийн өмнөөс чин сэтгэлийн талархал илэрхийлж, цаашдын ажилд нь өндөр амжилт хүсье.