ҮБХИС-ийн багш, судлаачид “Соёлын өвийн эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх үндэсний анхдугаар зөвлөгөөн” – нд амжилттай оролцлоо

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын санаачилгаар Соёлын яам, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагийн газар, ЮНЕСКО-ийн Бээжин дэх төлөөлөгчийн газар, ЮНЕСКО-ийн Монголын Үндэсний комисс хамтран “Соёлын өвийн эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх үндэсний анхдугаар зөвлөгөөн”-ийг 2022 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Төрийн ордонд зохион байгуулагдаж ҮБХИС-ийн багш, судлаачид оролцлоо.

Тус зөвлөгөөн нь Монгол Улсын соёлын өвийг хамгаалах тухай өнөөгийн бодлого ба соёлын өвийн эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хууль эрхзүйн орчин, хамтын ажиллагааг бэхжүүлэх, цаашид баримтлах бодлого, авах арга хэмжээг тодорхойлох, олон улсын байгууллагуудын соёлын өвийн эсрэг гэмт хэрэг, түүнээс урьдчилан сэргийлж буй шилдэг туршлагыг судлах, үндэсний нэгдмэл үнэт зүйл ба соёлын өвийн эсрэг гэмт хэрэг, зөрчлийн тухай ойлголт болон олон улсын конвенцуудын талаарх мэдлэгийн хүрээг бататгах зорилготой байв.

Зөвлөгөөнд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, холбогдлох яам, агентлаг, ЮНЕСКО-ийн Бээжин дэх төлөөлөгчийн газар, Олон улсын эрүүгийн цагдаагийн байгууллага буюу ИНТЕРПОЛ, Итали Улсын Соёлын өвийг хамгаалах цагдаа буюу Карабинери зэрэг 20 гаруй байгууллагын төлөөлөл оролцож илтгэл хэлэлцүүллээ.

Зөвлөгөөнд байгууллагуудын төлөөллийг оролцуулсан зорилго нь соёлын өвийн эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх талаар бүх нийтээр мэдлэг мэдээлэлтэй болгох юм. Тиймээс энэ талаар авсан мэдээллээ түгээн дэлгэрүүлэх үүднээс Цэргийн түүх сургамж судлалын төв болон Багшийн хөгжлийн төв хамтран мэдээлэл хийх болно. Ялангуяа цэргийн сургуулийн багш сонсогчид болон энхийг дэмжих ажиллагаанд хамрагдахаар төлөвлөж байгаа хүмүүс мэдэж байвал зохих зүйлсийн талаар дэлгэрүүлэн яриа хэлэлцүүлэг хийхээр төлөвлөж байгаа бөгөөд та бүхнийг өргөнөөр оролцохыг уриалж байна.

БАГШИЙН ХӨГЖЛИЙН ТӨВ