ҮБХИС-ИЙН ИННОВАЦЫН ДЭД БҮТЭЦ ӨРГӨЖИЖ БАЙНА

Үндэсний батлан хамгаалахын их сургууль нь урт хугацааны хөгжлийн бодлогоо тодорхойлж, судалгаанд суурилсан их сургууль болох зорилтыг дэвшүүлж, эрдэм шинжилгээ, судалгааны ажлын үр дүнг сургалтад нэвтрүүлэх, шинэ мэдлэгийг эдийн засгийн эргэлтэд оруулахад онцгой чиглэлд анхааран ажиллаж байна. Үүнд:
Төрийн байгууллагууд, хувийн хэвшил, аж үйлдвэрийн хамтын ажиллагаа нэн чухал байр суурь эзлэх юм.
Үндэсний батлан хамгаалахын их сургууль болон Нийслэлийн бизнес инновац хөгжлийн газар 2024 оны 01 сарын 24-ний өдөр хамтын ажиллагааны “Санамж” бичиг байгууллаа. Санамж бичигт ҮБХИС-ийн захирал, профессор, бригадын генерал П.Жаргалан, НБИХГ-ын дарга Б.Билгүүн нар гарын үсэг зурж, 2024 онд хамтран хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг баталлаа.
Арга хэмжээний үеэр талууд төрийн байгууллагуудын хамтын ажиллагааны онцлогийг дурдан бизнес, инновацын хамтын ажиллагааны талаар санал солилцож, Нийслэл болон ҮБХИС-д тулгамдаж буй асуудлыг дэвшилтэд технологид суурилан шийдвэрлэх, шийдэл дэвшүүлэх, албан хаагчид болон багш судлаач, суралцагчдын ажиллаж, суралцах нөхцөлийг сайжруулах, инновацын үйл ажиллагаанд оролцогчдод дэмжлэг үзүүлэх зэргээр хамтран ажиллахаар тохиролцлоо.
ҮБХИС-ийн багш, судлаач, суралцагчид НБИХГ-аас хэрэгжүүлж буй “10000 программист төсөл”, “Бүтээгчдийн талбар”, “Улаанбаатар инновацын төвийн дундын оффис”- оор үйлчлүүлэх зэргээр хамтын ажиллагаанд оролцож, инновацын дэд бүтцийг хөгжүүлэх, инновацын бүтээл, бүтээгдэхүүн бий болгож баялаг бүтээх, гарааны бизнесийн бойжуулах таатай нөхцөл бүрдэж байна.