ҮБХИС-ИЙН ХИЧЭЭЛИЙН ШИНЭ ЖИЛИЙН НЭЭЛТ БОЛЛОО

Монгол Улсын мэргэжлийн боловсролын ууган сургуулийн нэг, Сүхбаатарын болон Байлдааны гавьяаны улаан тугийн одонт, жанжин Д.Сүхбаатарын нэрэмжит Үндэсний Батлан хамгаалах сургуулийн 2022-2023 оны хичээлийн шинэ жилийн нээлт боллоо.
Ёслолын арга хэмжээнд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр, Батлан хамгаалахын Ерөнхий хянан шалгагч бригадын генерал Ж.Болдбаатар, ЗХЖШ-ын нэгдүгээр орлогч дарга бригадын генерал С.Ганбямба, БХЯ-ны Стратегийн бодлого, төлөвлөлтийн газрын дарга хурандаа Ч.Гандирваа, ҮБХИС-ийн эрдэмтэн багш, офицер, алба хаагч, сонсогчид оролцлоо.
Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр нээлтийн ёслолд хэлсэн үгэндээ “ Улсынхаа тусгаар тогтнол, аюулгүй байдлын гол багана болсон тус сургуулийн үе үеийн удирдлага, офицер, алба хаагч болон бусад албаныханд чин сэтгэлээсээ талархаж явдгаа илэрхийлээд цаашдын сургалтын чанар, боловсон хүчнийг бэлтгэх, ажилтан, алба хаагчдын цалинг нэмэгдүүлэх, сургалтын орчныг сайжруулж тоног, төхөөрөмж, техник, хэрэгсэл материаллаг баазаар хангах асуудлыг илүү боловсронгуй болгоход анхаарч шаардлагатай арга хэмжээг шат дараатайгаар авч хэрэгжүүлэх болно гэдгээ илэрхийлсэн юм.”
Хичээлийн шинэ жилийн нээлтийн ёслолын дараагаар Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр тэргүүтэй холбогдох албаны удирдлагууд ҮБХИС-ийн шинэ номын санг нээж, ашиглалтад өгсөн юм.
Тус номын сан нь үйлчилгээний таван танхим, 100 хүний хурлын заал бүхий 2200 гаруй м.кв талбайтай.
Мөн салбар сургуулиудын үйл ажиллагаа, ажилтан алба хаагч, сонсогч, хугацаат цэргийн орчин нөхцөлтэй нэг бүрчлэн танилцаж, эрдэмтэн багш, офицер, алба хаагчдын төлөөллийг хүлээн авч уулзлаа. Уулзалтын хүрээнд Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр нь үүрэгт ажлаа хүлээж авснаас хойш өнөөг хүртэл хийж гүйцэтгэсэн ажлаа тайлагнахын зэрэгцээ ирээдүйд нэн тэргүүнд шийдвэрлэх шаардлагатай асуудлуудыг хэлэлцэж санал, хүсэлтийг нь сонссон юм.
Эх сурвалж: Соёмбо редакц, Дуулга студи