ҮБХИС-ИЙН 103 ДАХЬ ХИЧЭЭЛИЙН ШИНЭ ЖИЛ ЭХЭЛЛЭЭ

Жанжин Д.Сүхбаатарын нэрэмжит, Сүхбаатарын ба Байлдааны болон Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонт ҮБХИС-ийн 2024-2025 оны хичээлийн шинэ жилийн нээлт ёслол төгөлдөр боллоо.
Нээлтийн үйл ажиллагаанд ЗХЖШ-ын дарга хошууч генерал С.Ганбямба, БХЯ-ны СБТГ-ын дарга бригадын генерал Ч.Гандирваа, Батлан хамгаалахын сайдын зөвлөх н.Эрдэнэбат, ҮБХИС-ийн захирал бригадын генерал П.Жаргалан, Сургалт, цэргийн алба хариуцсан тэргүүн дэд бригадын генерал С.Дашзэвэг болон тус сургуулийн удирдлага, эрдмийн хамт олон, сонсогч, оюутан, сурагчид оролцлоо.
Энэ үеэр ЗХЖШ-ын дарга хошууч генерал С.Ганбямба “Мэргэжлийн цэрэгт суурилсан Зэвсэгт хүчнийг хөгжүүлж бэхжүүлэх эрхэм зорилтыг хангахад чиглэсэн олон талт арга хэмжээг Батлан хамгаалах яам, Зэвсэгт хүчний Жанжин штабаас хэрэгжүүлж байгаагийн нэг чухал бүрэлдэхүүн хэсэг нь Үндэсний батлан хамгаалахын их сургуулийн сургалтын тогтолцоог шинэчлэх, материаллаг баазыг бэхжүүлэх, багшлах бүрэлдэхүүнийг чадавхжуулахад чиглэгдэж байгаа билээ.
Зэвсэгт хүчнийг бэхжүүлэх зорилт нь мэргэшсэн, чадварлаг, бие бялдар, сэтгэл зүйн өндөр бэлтгэлтэй, цагийн байдлын ямар ч нөхцөлд дасан зохицох чадвартай, хат сууж төлөвшсөн, цаг үетэйгээ хөл нийлүүлэн алхах чадвартай, бүтээлч, хариуцлагатай алба хаагчдыг бүрдүүлж чадсанаар сая бүрэн биелэгдэх боломжтой юм. Ийм шалгуур, шаардлагыг хангасан офицер, ахлагчийг сургаж бэлтгэх, дахин бэлтгэх үйл хэрэгт тус их сургуулийн бүтээлч хамт олны үүрэг, оролцоо их юм.
ҮБХИС-ийн Цэргийн нэгдсэн дээд сургуулийг 4 жилийн сургалтын тогтолцоонд шилжүүлэх, Батлан хамгаалахын удирдлагын академийн сургалтын хөтөлбөрийг шинэчлэх, Батлан хамгаалахын мэргэжлийн сургалт-үйлдвэрлэлийн төв, Цэргийн хөгжмийн коллежуудын статусыг дээшлүүлж Политехник коллеж болгон мэргэжлийн дипломын боловсрол олгох сургалтыг явуулах, Тэмүүжин өрлөг бүрэн дунд сургууль нь Их сургуулийн бүрэлдэхүүнд орсон зэрэг томоохон өөрчлөлтүүдийг Боловсролын багц хуульд нийцүүлэн хийгдээд байна.
Энэ удаагийн Үндэсний батлан хамгаалахын их сургуулийн 2024-2025 оны хичээлийн шинэ жилийн нээлт нь их жанжнаараа овоглосон, төрийн 3 одонг Байлдааны тугандаа хүндэтгэн залсан энэхүү бахархам түүхтэй сургуулийн 103 дэх удаагийн нээлт болж байгаагаараа онцлогтой юм. Тус их сургуулийг төгсөгчид нь Батлан хамгаалах салбар, Зэвсэгт хүчний нийт бие бүрэлдэхүүний үндсэн цөмийг бүрдүүлж, удирдах болон гүйцэтгэх албан тушаалуудад тогтвор суурьшилтай, үр бүтээл, идэвх санаачилга гарган ажиллаж байгаа нь Та бидний бахархал билээ.” гэлээ.