ҮНДЭСНИЙ БАТЛАН ХАМГААЛАХЫН ИХ СУРГУУЛИЙН ЭРДМИЙН ЗӨВЛӨЛИЙН 2023 ОНЫ АНХДУГААР ХУРАЛ БОЛЖ ӨНДӨРЛӨЛӨӨ

ҮБХИС-ийн Эрдмийн зөвлөлийн ажиллах журмын дагуу их сургуулийн захирлын 2023 оны А\40 дүгээр тушаалаар “Эрдмийн зөвлөл”-ийн гишүүдийг шинэчлэн баталж анхны хуралдааныг зохион байгуулав.  Тус хуралдаан ҮБХИС-ийн “Сүбээдэй” олон улсын хурлын танхимд 2023 оны 3 дугаар сарын 28-ний өдрийн 10 цагт  эхэлж  дараах асуудлуудыг хэлэлцэв. Үүнд:

ҮБХИС-ийн багш, судлаачдын эрдэм шинжилгээ, судалгаа, сургалт, арга зүйн “Цац” сэтгүүлийн нэрийг өөрчилж сэтгүүлийн агуулга, сургуулийн онцлогтой уялдуулах, сэтгүүлийн чанар, чансааг сайжруулах, цахимжуулах, цаашид өргөжүүлэн хөгжүүлэх болон тулгамдаж буй зарим асуудлыг шийдвэрлэх талаар хэлэлцлэв.

Мөн шинжлэх ухааны докторт нэр дэвшигч доктор (Ph.D), дэд профессор С.Пүрэвдоржийн судалгааны ажилд шинжээч томилох болон Эрдмийн сургуулийн докторантуудын судалгааны ажлын сэдэв, түшиц тэнхим, төв, судалгааны ажлын удирдагчийг баталлаа.

БХЯ-ны захиалгат төсөлт ажлын явц болон гүйцэтгэлийн тайланг хэлэлцэж тодорхой зарим шийдвэрүүдийг гаргав.

ҮБХИС-ийн Эрдмийн зөвлөлийн гишүүнээр шинээр томилогдсон БХЭШХ-ийн АББХСТ-ийн дарга доктор (Ph.D), профессор, хурандаа Б.Эрдэнэчимэг, АБДС-ийн дэд захирал, ЭШСА-ны дарга, доктор (Ph.D), дэд профессор Г.Балжинням нарт ҮБХИС-ийн Эрдмийн зөвлөлийн үнэмлэх гардуулж эрдэм судлалын ажилд нь амжилт хүслээ.