30 ЖИЛИЙН ОЙН БАЯРЫН ХУРАЛ, БАРИМТАТ КИНОНЫ НЭЭЛТИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Батлан хамгаалахын сайдын 1991 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн тушаалаар хөгжмийн бие бүрэлдэхүүнийг сургаж бэлтгэх, мэргэжлийн ур чадварыг нь өндөр түвшинд байлгах зорилгоор цэргийн хөгжмийн зохион байгуулалт, байршил, орон тоонд өөрчлөлт оруулжээ.
Энэ тушаалын дагуу Зэвсэгт хүчний доторх мэргэжлийн урлагийн байгууллагууд, нэгтгэл, ангиудын үлээвэр найрал хөгжимд ахлагчдыг сургаж бэлтгэх Цэргийн хөгжмийн байнгын курсыг тухайн үеийн ЦНДС-ийн үлээвэр найрал хөгжмийн байр, танхим, хөгжмийн зэмсэг, материаллаг баазыг түшиглэн ЦНДС-ийн хөгжмийн албаны дэргэд байгуулсан нь өдгөө Цэргийн хөгжмийн коллеж нэртэйгээр 30 жилийн ойгоо угтаж байна.
Энэ хүрээнд тус коллежийн хамт олон өчигдөр баярын хурлаа хийж, “Цэргийн хөгжмийн коллеж-30 жил’ баримтат киноны нээлтийн үйл ажиллагааг зохион байгууллаа.
Уг ёслолын үйл ажиллагаанд Батлан хамгаалахын Ерөнхий хянан шалгагч, хурандаа Ж.Болдбаатар, ЗХЖШ-ын Ажиллагааны удирдлагын газрын дарга, бригадын генерал С.Дашзэвэг, ҮБХИС-ийн захирал, бригадын генерал П.Жаргалан, ЗХЖШ-ын Цэргийн хөгжмийн алба, Үлгэр жишээ үлээвэр найрал хөгжмийн дарга, хурандаа Ч.Гансүх нарын хүндэт зочид, төлөөлөгчид оролцож ойн баярын мэндчилгээг өргөн дэвшүүлж дурсгалын зүйлсийг гардуулсны сацуу зарим алба хаагчдад салбарын шагналыг гардууллаа.
Ташрамд дурдахад энэ сарын 27-ны өдөр тус коллежийн 30 жилийн ойд зориулсан хүндэтгэлийн тоглолт Соёлын төв өргөөнд зохион байгуулагдах юм.