Сансрын бичил хиймэл дагуул хөөргөх “Кансат – 2022” үндэсний 5 дугаар тэмцээн 2022 оны 6 дугаар сарын 5-ны өдөр Зэвсэгт хүний 337 дугаар ангийн нисэх загварын дадлагын талбайд зохион байгуулагдлаа.
“Кансат” тэмцээн нь дэлхийн 20 гаруй оронд зохион байгуулагддаг бөгөөд манай улсад 2013 оноос эхлэн зохион байгуулагдаж эхлэсэн бөгөөд 2016 онд Ази, номхон далайн орнуудыг хамруулан олон улсын шинж чанартай болон өргөжсөн байна.
Энэ жилийн “Кансат – 2022” тэмцээнд хиймэл дагуул бүтээх төслийн тодорхой үе шатуудыг оруулж ирснээрээ онцлог юм. Тодруулбал, бичил хиймэл дагуул хөөргөхөөс өмнө багууд урьдчилсан загварын хэлэлцүүлэг, шийдвэрлэх загварын хэлэлцүүлэг, хөөргөхийн өмнөх хэлэлцүүлэг, даалгавар тодорхойлох хэлэлцүүлэг, хиймэл дагуулаа хөөргөх зэрэг үе шат бүрт оноо цуглуулж, нийлбэр оноогоор нь ялагчдыг тодруулсан юм. Тэмцээнд 7 сургуулийн 12 багийн 90 гаруй оюутан залуучууд оролцлоо.
ҮБХИС-ийн Аравт баг тус тэмцээнд “Кансат хиймэл дагуул” болон “Буцагч” гэсэн 2 төрөлд амжилттай өрсөлдөж нийлбэр дүнгээр 2 төрөлд тус бүрдээ 3 дугаарыг байрыг эзлэж Цахим хөгжил, харилцаа холбооны яамнаас шагналаа гардаж авлаа.
ҮБХИС-ийн Аравт багийн судлаач багш, сонсогч, оюутнууддаа их сургуулийн удирдлага, эрдэмтэн багш, судлаачдынхаа нэрийн өмнөөс баяр хүргэж цаашдын сургалт, судалгааны ажилд нь өндөр амжилт гаргахыг хүсэн ерөөж байна.
ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭ, ИННОВАЦЫН ХЭЛТЭС