Үндэсний батлан хамгаалахын их сургууль нь алсын хараа, эрхэм зорилго, зорилтын хүрээнд үйл ажиллагаандаа “Менежментийн тогтолцооны ISO 9001:2015 олон улсын стандарт”-ыг 2016 оноос хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд 2018 онд Стандарт, хэмжил зүйн газраас гэрчилгээ авч, жил бүр магадлах аудит хийлгэж ирсэн.
Үндэсний батлан хамгаалахын их сургуулийн 2022 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөний дагуу 03 дугаар сард Стандарт, хэмжил зүйн газраар давтан аудит хийлгэж, тус газрын дэргэдэх Менежментийн тогтолцооны баталгаажуулалтын зөвлөлийн 2022 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн шийдвэрээр “Менежментийн тогтолцооны ISO 9001:2015 олон улсын стандарт”-ын гэрчилгээг 2025 оны 05 сарын 26-ны өдрийг хүртэл сунгуулсан.
2022 оны 06 дугаар сарын 06-ны өдөр Эрдэм шинжилгээ нийгмийн түншлэл хариуцсан дэд захирал Хурандаа, доктор (Sс.D) профессор, Б.Өлзийхуяг, албаны бусад төлөөллийн хамт Стандарт, хэмжил зүйн газраас “Менежментийн тогтолцооны ISO 9001:2015 олон улсын стандарт”-ын гэрчилгээг гардан авсан. Тус арга хэмжээний үеэр Стандарт, хэмжил зүйн газрын Бүтээгдэхүүн тогтолцооны баталгаажуулалтын газрын дарга В.Ганзориг “ҮБХИС нь боловсролын салбарт чанарын менежментийн тогтолцоог хэрэгжүүлсэн анхны их сургууль бөгөөд Стандарт, хэмжил зүйн газартай байгуулсан гэрээний дагуу хамтран ажиллаж, байгаад талархал илэрхийлж” бид бүхэнд ажлын амжилт хүссэн.
ДОТООД АУДИТ, ЧАНАРЫН ҮНЭЛГЭЭНИЙ АЛБА