ҮБХИС-ийн бэлэг тэмдэг
Бэлэгдэл /лого/ нь нар, оюуны гэрэл гэгээ, оюун ухаан, сэтгэн бодох чадвар, авьяас, бүтээлч сэтгэлгээний илэрхийлэл шар өнгөөр дүрслэгдэх бөгөөд улаан хүрэн дэвсгэр дээр байна.
Бэлэгдлийн дээд хэсэгт шонхор шувууг залж, төв хэсэгт илд, бамбайн дээр соёмбо үсгийг байрлуулж, доор нь 1921 гэж бичиж алдрын навчаар хүрээлүүлсэн. Суурь хэсэгт дэлгээтэй номыг дүрсэлсэн.
- Шонхор шувуу – Хурдан шаламгай, дайчин чанар болон тус сургуульд агаарын хүчний цэргийн хүний нөөцийг бэлтгэж буйг давхар харуулсан. Шонхор шувууг Хүннү, Их Монгол улсын үеэс их төрийн бэлэгдлийн нэг, “Тэнгэрийн элч” хэмээн өргөмжилж ирсэн төдийгүй 2012 онд УИХ-аас “Монгол үндэстний бахархалт шувуу”-аар нэрлэсэн.
- Алдрын навч – Мэдлэг өсөн арвижих, алдар гавьяа нь түгэн дэлгэрэх, эв найрамдлын бэлэгдэл
- Илд, бамбай – Улс орноо батлан хамгаалах утгыг агуулахын зэрэгцээ хуурай замын цэргийн хүчний илэрхийлэл
- Соёмбо – Бид Монгол улсын төр, ард түмнийхээ өмнө өргөсөн тангарагтаа үнэнч байгааг илэрхийлнэ
- Дэлгээтэй ном, 1921 – Шинэ цагийн дээд боловсролын ууган байгууллага гэдгийг тодотгож, мөн оноос эрдэм мэдлэгийг Монгол улсад түгээж ирснийг илэрхийлнэ.
НОМЫН ДАЛАЙ СУРГУУЛЬ
Шүлгийг: Г.Баатарнум /МУСТА/ Хөгжмийг: П.Хаянхярваа /МУАЖ/
Жанжин сүхээр алдраа өргөж
Жавхаалаг залуусаар эгнээгээ тэлсэн
Дархан орондоо дуутай, суутай
Даяр Монголдоо нэртэй, сүртэй
Оройн сүлд одонт тугаа дээдэлсэн
Оюуны ундраа, офицерийн хиймор
Батлан хамгаалахын их сургууль
Баялаг эрдмийн номын далай
Дэвжин дээшлэх хөвгүүд охид
Дэлгэр мэдлэгт шамдан суралцаад
Элгэн нутгаа хайрлах ухааныг
Эргэх хорвоою мөнхөд өвөлсөн
Оройн сүлд одонт тугаа дээдэлсэн
Оюуны ундраа, офицерийн хиймор
Батлан хамгаалахын их сургууль
Баялаг эрдмийн номын далай
Ард түмэндээ хайрлагдсан жанжны
Авьяас билиг эндээс эхтэй
Цаг цагийн алтан үеийнхэн
Цадиг түүхээ энд л зузаалсан
Оройн сүлд одонт тугаа дээдэлсэн
Оюуны ундраа, офицерийн хиймор
Батлан хамгаалахын их сургууль
Баялаг эрдмийн номын далай