БАТЛАН ХАМГААЛАХЫН САЙДЫН НЭРЭМЖИТ 2020 ОНЫ “ШИНЖЛЭХ УХААН, ТЕХНОЛОГИ, ИННОВАЦЫН ШИЛДЭГ БҮТЭЭЛ” ШАЛГАРУУЛАХ УРАЛДААН ЗАРЛАЖ БАЙНА.

Улс орныг батлан хамгаалах үйл ажиллагаанд шинжлэх ухаан, технологи, инновацын үр дүнг нэвтрүүлэх, түүний хөгжлийг дэмжих, эрдэм шинжилгээний ажилтнуудын идэвх, санаачилгыг өрнүүлэх, оюуны чадавх, мэдлэгийг арвижуулах, шилдэг бүтээлүүдийг сурталчлах зорилгоор Монгол Улсын Батлан хамгаалахын сайдын нэрэмжит “Шинжлэх ухаан, технологи, инновацын шилдэг бүтээл” шалгаруулах уралдааныг зарлаж байна.
Нэг. Шалгаруулах бүтээл
Монгол Улсын Батлан хамгаалахын сайдын нэрэмжит шинжлэх ухаан, технологи, инновацын шилдэг бүтээлийг:
– “Аюулгүй байдал, батлан хамгаалах судлал”, “Зэвсэглэл, техник технологи” гэсэн хоёр чиглэлээр тэргүүн, дэд байр тус бүр нэг бүтээл;
– 35 хүртэлх насны залуу судлаачийн бүтээл;
– Шилдэг инновацын бүтээл;
– Шинэ бүтээл, оновчтой саналын бүтээл гэсэн нийт 7 төрлөөр бүтээлийг шалгаруулна.
Хоёр. Шагналын сан
Шагналын сангийн хэмжээ (нийт 13,0 сая төгрөг):
– Тэргүүн байрт шалгарсан бүтээл тус бүрт “Шинжлэх ухаан, технологийн шилдэг бүтээлийн тэргүүн байр”-ын өргөмжлөл, 3,000,000.00 (гурван сая) төгрөг;
– Дэд байрт шалгарсан бүтээл тус бүрт “Шинжлэх ухаан, технологийн шилдэг бүтээлийн дэд байр”-ын өргөмжлөл, 2,000,000.00 (хоёр сая) төгрөг;
– 35 хүртэлх насны залуу судлаачийн нэг бүтээлд өргөмжлөл, 1,500,000.00 (нэг сая таван зуун мянга) төгрөг;
– Шилдэг инновацын нэг бүтээлд өргөмжлөл, 1,000,000.00 (нэг сая) төгрөг;
– Шинэ бүтээл, оновчтой саналын нэг бүтээлд өргөмжлөл, 500,000.00 (таван зуу мянга) төгрөгийн мөнгөн урамшууллыг тус тус олгоно.
Гурав. Бүтээлд тавигдах шаардлага
Эрдэмтэн, судлаачдын эрдэм шинжилгээ, судалгаа, туршилт, зохион бүтээх ажлын үр дүнд бий болсон улс орны батлан хамгаалах эрх ашиг, цэргийн шинэчлэлд дорвитой хувь нэмэр оруулахуйц аюулгүй байдал, батлан хамгаалахын болон цэргийн шинжлэх ухааны онол, урлаг, арга зүйн ном, нэг сэдэвт бүтээл (монограф ) болон зэвсэглэл, техник технологийн зохион бүтээгдсэн ажил, эрдэм шинжилгээ, судалгааны ажилд зориулан гаргасан бүтээлийг шалгаруулалтад хүлээж авна.
Уралдаанд эрдэм шинжилгээний байгууллага, аж ахуйн нэгж, судлаачид, эрдэмтдийн хамтлаг, хувь хүмүүс шинжлэх ухааны бүтээлээ дэвшүүлж болно.
Уралдаанд судлаачдын сүүлийн 2 жилийн дотор туурвисан бүтээлийг дэвшүүлнэ.
Уралдаанд ирүүлж буй бүтээл нь дараах шаардлагыг хангасан байна. Үүнд:
– “Патентын тухай” хуулийн 3.1.1 дэх заалт, мөн хуулийн 4.3 дахь хэсэгт заасан шинэ бүтээлийн түвшинг агуулсан байх;
– Бүтээлийн шинжлэх ухаан, технологид оруулж буй хувь нэмэр, ач холбогдолтой байх;
– Тухайн бүтээлийг хэвлэн нийтлүүлсэн болон үйлдвэрлэлд нэвтрүүлсэн байдал, гарсан үр дүнтэй байх;
– Шинэ санаа, тэргүүний технологийг түгээн дэлгэрүүлэх инновацын чиг хандлагатай байх,
– Шинээр олдсон түүх, соёлын ховор нандин дурсгал, эд өлгийн зүйлс, ховор олдворын тухай эрдэм шинжилгээний ажлын үр дүнгээр хийсэн бүтээл, тайлан байж болно.
Хамтын бүтээлийг нэр дэвшүүлэхдээ зохиогчийн хамтлаг нь 5 хүнээс хэтрэхгүй байна. Хэрэв зохиогчийн хамтлаг 5 хүнээс илүү байх тохиолдолд уг бүтээлийг бий болгоход гишүүн бүрийн оруулсан бодит хувь нэмэр, оролцоог дэвшүүлж буй байгууллагын Эрдмийн зөвлөл эсхүл хамтын олны хурлын нууц санал хураалт явуулж, олонхын санал авсан дарааллаар зохиогчдыг нэр дэвшүүлнэ. Хамтын бүтээлийн зохиогчдын бүрэлдэхүүн, оролцоог нэр дэвшигч бүхэн хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан байна. Бүтээлийг бий болгоход захиргааны буюу зохион байгуулалтын ажил эрхэлж байсан хүнийг зохиогчийн хамтлагийн бүрэлдэхүүнд оруулахгүй.
Эрдмийн зэрэг горилсон нэг сэдэвт бүтээл, орчуулсан ном, сурах бичиг, гарын авлага, улсын захиалгат шинжлэх ухаан, технологийн төсөл, гадаадын хамтарсан төсөл, захиалгат даалгаварт судалгааны ажлын үр дүнгээр бүтээгдсэн бүтээлийг шалгаруулалтад хүлээн авахгүй.
Дөрөв. Шилдэг бүтээлийн шалгаруулах уралдаанд ирүүлэх материалын бүрдүүлэлт
4.1. Шалгаруулалтад оролцуулах бүтээлийн хэвлэн нийтлэгдсэн эх, зохион бүтээгдсэн бие анги;
4.2. Зэвсэглэл, техник технологийн бүтээлд техникийн зураг, технологийн карт, технологийг ашигласны эдийн засгийн үр ашгийн тооцоог хавсаргасан байна. Үүнд:
– технологийн үнэ (борлуулалтын өртөг);
– үйлдвэрлэлийн зардал;
– бүтээгдэхүүний өөрийн өртөг;
– үйлдвэрлэлийн орлого;
– үйлдвэрлэлийн цэвэр ашиг;
– өртгөө нөхөх хугацаа;
– тухайн технологиор үйлдвэрлэсэн бүтээгдэхүүний чанарын түвшин, стандарт, зах зээл, аюулгүй байдал, технологийн боловсронгуй байдал (ашиглагдаж буй технологиудын дотор шинэ ба шинэчлэгдсэн дэвшилтэт технологийн эзлэх хувийн жин,
– материалын ашиглалт (хаягдлын үзүүлэлт);
– тухайн технологийн онцлогтой холбогдох бусад хүчин зүйл, үзүүлэлт зэрэг болно.
4.3. Бүтээлийн танилцуулга (Үүнд: зохиогч /хамтран зохиогч/-ийн нэр, аюулгүй байдал, батлан хамгаалах судлал, цэргийн шинжлэх ухааны онол, арга зүй болон зэвсэглэл, техник, технологийн шийдэлд оруулж буй хувь нэмэр, шинэлэг тал, үр ашиг, өгөөж, техник-эдийн засгийн үндэслэл болон үр ашгийн тооцоо);
4.4. Уг бүтээлийг шүүн хэлэлцээд Батлан хамгаалахын сайдын нэрэмжит оны шилдэг бүтээлийн шалгаруулалтад дэвшүүлж буй Зэвсэгт хүчний Жанжин штабын Шинжлэх ухаан, технологийн салбар зөвлөл, сургууль, эрдэм шинжилгээ, судалгааны байгууллагын албан бичиг, Эрдмийн зөвлөл (Сургалт-арга зүйн зөвлөл)-ийн протокол;
4.5. Уг бүтээлийг цэргийн хэрэг, үйлдвэрлэлд туршиж, нэвтрүүлсэн тухай байгууллагын тодорхойлолт;
4.6. Уг бүтээлд тухайн мэргэжлийн 2-оос доошгүй эрдэмтний дүгнэлт, шүүмж;
4.7. Шалгаруулалтад ирүүлж буй бүтээлийн оюуны өмчийн гэрчилгээ, патент, ашигтай загварын гэрчилгээг хавсаргах;
4.8. Нууцын зэрэгтэй бүтээлийг нэр дэвшүүлсэн тохиолдолд бүрдүүлсэн материалд нууцын тэмдэг дарж, шаардлагыг хангуулах.
Шалгаруулалтад ирүүлэх материалын бүрдэлт дутуу, хугацаа хэтэрсэн тохиолдолд бүтээлийг хүлээн авахгүй.
Өмнө нь төр, засгийн болон үндэсний хэмжээний албан ёсны шагнал, шалгаруулалтад шалгарч байсан бүтээлийг хүлээн авч, давхардуулан шалгаруулахгүй.
Тав. Нэр дэвшиж буй бүтээлийг хүлээн авах, шалгаруулах
Шалгаруулалтад нэр дэвшүүлж буй бүтээл нь тавигдах шаардлага, зохих бүрдүүлэлтийг хангасан байх ба түүнийг бүрдүүлсэн материал, баримт бичгийн хамт зохиогч эсвэл түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс Батлан хамгаалах яамны Шинжлэх ухаан, технологийн зөвлөлийн эрдэмтэн нарийн бичгийн дарга 2020 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 9.00 цагаас мөн сарын 15-ны өдрийн 18.00 цагийн дотор хүлээн авч, яамны Шинжлэх ухаан, технологийн зөвлөл шалгаруулж, Монгол Улсын Шинжлэх ухааны ажилтны өдрөөр шагналыг гардуулна.https://gsmaf.gov.mn/gsmaf/onePost/1227#_ftn1
Холбоо барих утас: 96887018, 51-263202
Цахим шуудангийн хаяг: sodnomtsog.d@mod.gov.mn
БАТЛАН ХАМГААЛАХ ЯАМНЫ
ШИНЖЛЭХ УХААН, ТЕХНОЛОГИЙН ЗӨВЛӨЛ