ШТАБЫН БЭЛТГЭЛИЙГ ДЭЭШЛҮҮЛЭХЭД ОНЦГОЙ АНХААРЧ БАЙНА

Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн командлагч, бригадын генерал Б.Амгаланбаатартай цаг үеийн асуудлаар ярилцлаа.

-Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн командлалаар сонин сайхан юу байна вэ? 2019 он танай командлалын хувьд түүхэн жил байлаа …

-Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн командлалын хувьд 2019 он нэлээд ачаалалтай, их ажлын жил байлаа. Ялангуяа командлал үүсэн байгуулагдсаны 10 жилийн ойн жил байсныг та бүхэн мэднэ. Өнгөрөгч онд Хуурай замын цэргийн командлалын бие даасан байдлыг хангах, цэргийн захиргааны удирдлагыг хэрэгжүүлэх, цэргийн захиргааны байгууллагыг төлөвшүүлэх чиглэлээр нэлээд ажиллалаа. Командлалын шинэ байраа ашиглалтад хүлээн авч, шилжин байрлалаа. Монгол Улс, ОХУ-ын Зэвсэгт хүчний хамтарсан “Сэлэнгэ-2019” тактикийн хээрийн сургуулийг Халхын голын байлдааны ялалтын 80 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх хүрээнд Дорнод аймагт зохион байгуулсан. Энэ удаагийн сургуулийн онцлог нь хоёр талаасаа нэлээд олон хүн хүч, техник оролцуулсанд байгаа юм. Тэр дундаа ОХУ-ын Зэвсэгт хүчний нисгэгчид ирж оролцсоныг дурдах ёстой. ОХУ-ын Батлан хамгаалахын сайд С.К.Шойгу 2018 онд Монгол Улсад айлчлах үедээ Зэвсэгт хүчний 337 дугаар ангид тусламжаар өгсөн нислэгийн газрын удирдлагын техник хэрэгслийг “Сэлэнгэ-2019” сургуулийн үеэр иж бүрнээр нь дэлгэж, удирдлагыг 100 хувь хангаж ажиллалаа. Хүн, техник хоёр хоёулаа үүргээ сайн гүйцэтгэсэн. Түүнээс гадна Халхын голын байлдааны оргил үе буюу 1939 оны 8 дугаар сарын 23-30-ны өдрүүдэд явагдсан байлдааны ажиллагааны хамгийн жижигрүүлсэн хувилбараар нь уг сургуулийн ажиллагааны бодлогыг тодорхойлсон нь үр дүнтэй болсон. Ялангуяа тухайн үед оролцож байсан морьт механикжуулсан холимог цэргийн бүлэглэлийг орчин үеийн техниктэйгээр зохион байгуулснаараа онцлог байв. Мөн хэд хэдэн орон нутгийн дайны үед хэрэглэж байсан арга, тактикуудыг ч туршив. Тухайлбал, “Т-72” танкийн галын эргүүлэг, танк эсэргүүцэгч хэрэгслийн галын эргүүлэг, агаарын цельтэй тэмцэх зенитийн бууг хөдөлгөөнт байдлаар ашиглах зэргийг туршснаараа ач холбогдолтой байлаа.
Командлалын харьяа нэгтгэл, ангиудын хувьд ч мөн адил өнгөрөгч онд алба хаагчдынхаа нийгмийн хамгааллыг дээшлүүлэх, ая тухтай орчин нөхцөлд ажиллах боломжийг нь бүрдүүлэх үүднээс нэлээдгүй ажлыг хийсэн. Жишээлбэл, Зэвсэгт хүчний 167, 256, 336, 340 дүгээр ангиуд өөрсдийн нөөц бололцоог ашиглаад цэргийн гал тогоо, тавиулан, штабуудынхаа засварыг хийсэн гээд цөөнгүй жишээг дурдаж болно. Мөн төмөр замын бүтээн байгуулалт явагдаж байгаатай холбоотойгоор Зэвсэгт хүчний 336 дугаар ангийн хадгалалтад байсан нэг байрыг шинэчлэн засварлаад Монголын төмөр замын ажилчдыг үйл ажиллагаагаа явуулах нөхцөл бололцоогоор нь хангаж өгсөн.

-Сургалт бэлтгэлийн хувьд …
-Цэргийн хүний гол хөдөлмөр нь сургалт бэлтгэл байдаг учраас энэ чиглэлд онцгой анхаарч байна. Цэргийн сургалт бэлтгэлийн төлөвлөгөөнд тусгагдсан бүх арга хэмжээг, тэр дундаа хээрийн гаралт, полигоны дадлага, танхимын хичээлийг бүрэн явуулсан. Хуурай замын цэргийн командлал шинэ байранд шилжин байрласантай холбоотойгоор командлалын тайван цагийн бүтэц, орон тоог шинэчилсэн бөгөөд энэ дагуу өнгөрсөн оны 9 дүгээр сарын 20-ны өдрөөс эхлэн үйл ажиллагаагаа явуулж байна. Мэдээж командлалын бие даасан байдлыг хангах чиглэл рүү нэлээд ойртсон бүтэц, зохион байгуулалт болж чадсан. Тухайлбал, командлал өөртөө удирдлагын роттой боллоо. Энэ нь хээрийн холбоог дэлгэх, харуул хамгаалалтыг зохион байгуулах, агаарын халхлалтыг хийх зэрэг үүргүүдийг гүйцэтгэхэд боломж олгосон бүтэц юм. Цаашдаа улам төгөлдөржүүлээд явна.

-2020 онд хийж хэрэгжүүлэхээр төлөвлөсөн ямар ажлууд байна вэ?
-2020 онд бид цэргийн захиргааны удирдлагыг тасралтгүй хэрэгжүүлэх, үүрэг гүйцэтгэх чадавхыг бэхжүүлэх, байлдааны бэлэн байдлыг хангах гэсэн томоохон зорилго тавилаа. Энэ хүрээнд нэгдүгээрт, Зэвсэгт хүчний стратегийн төлөвлөлтийн шинэчлэлтэй уялдуулан оперативын төлөвлөлтийн баримт бичгүүдийг боловсруулж дуусгах, хэрэгжилтийг нь хангах, нэгтгэл, ангиудын үүрэг гүйцэтгэх чадавхыг нэмэгдүүлэх зорилтыг дэвшүүлсэн.
Хоёрдугаарт, цэргийн бэлтгэл сургалтыг мэргэжлийн цэргийг бэхжүүлэх чиглэлд түлхүү явуулан штабын бэлтгэл сургалтыг төгөлдөржүүлж, төрөл мэргэжлийн цэргийг ашиглах дүрэм, зааврын хэрэгжилтийг ханган сурлагын чанарыг дээшлүүлэх зорилтыг тавьсан. Энэхүү зорилтын хүрээнд 2019 онд Артиллерийн байлдааны дүрэм, Цэргийн агаарын довтолгооноос хамгаалах байлдааны дүрэм, Хилийн хангалтын заавар, Тактикийн тагнуулын заавар гэсэн дөрвөн баримт бичгийг боловсруулж дууссан. Эдгээр баримт бичгүүдийг сургуулийн жилийн нэгдүгээр үед туршиж, тэндээс гарсан санал, дүгнэлтээ нэгтгээд хагас жилээр батлуулан мөрдөнө гэсэн төлөвлөгөөтэй байна. Гуравдугаарт, цэргийн алба хаагчдын сэтгэл зүйн бэлтгэлийг дээшлүүлж, цэргийн хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах, дотоод хяналт, шалгалтыг тасралтгүй зохион байгуулах, цэргийн алба, сахилга, дэг журмыг бэхжүүлэх явдал юм. Дөрөвдүгээрт, хүний нөөцийн бодлогыг мэргэжлийн цэргийг бэхжүүлэхэд чиглүүлж, цэргийн гэрээт албыг төлөвшүүлэх, тавдугаарт, Хуурай замын цэргийн ар тал, техникийн хангалтыг зохион байгуулахдаа төсөв хөрөнгийг үр ашигтай зарцуулах, зургаадугаарт, улс орны бүтээн байгуулалтад оролцох Зэвсэгт хүчний нэгтгэл, ангиудын төлөвлөлт, зохион байгуулалтад мэргэжлийн дэмжлэг үзүүлэх гэсэн зорилтуудыг тавин ажиллаж байна.

-Төмөр замын бүтээн байгуулалтын ажилд командлалын харьяа нэгтгэл, ангиуд өргөн бүрэлдэхүүнтэй оролцож байгаа. “Тал нутагт цэргийнхэн хэрхэн бүтээж байгааг Дорноговь аймгаас хараарай” гээд л иргэд тун ам сайтай байна лээ …
-Баярлалаа. Одоогийн байдлаар командлалын харьяа найман ангийн тодорхой тооны бүрэлдэхүүн оролцож байна. 2019 онд Дорноговь аймгийн Алтанширээ сум дахь хүнд даацын авто замыг тодорхой бүрэлдэхүүн барьж, зарим нэгтгэл, анги өөрсдийнхөө үүрэг, чиглэлээр төмөр замын бүтээн байгуулалтад оролцлоо. Энэхүү жишиг энэ жил ч мөн үргэлжилнэ. Ер нь ажиглаж байхад цэргийн алба хаагчдаас гадна хугацаат цэргийн алба хаагчид ч бүтээн байгуулалтын ажилд оролцох хүсэл эрмэлзлэл дүүрэн байна. Улаанбаатар цэргийн хүрээ болоод мотобуудлагын хороодоос бүтээн байгуулалтын ажилд оролцох хүсэл эрмэлзэлтэй олон тооны цэргийн гэрээт болон хугацаат цэргийн алба хаагчид хүсэлтээ ирүүлээд байна. Мэдээж судалж байж шийдвэрийг гаргана.
Өнгөрсөн онд манай бүтээн байгуулагч цэргийнхний хийсэн томоохон ажил бол Дорноговь аймагт баригдах Газрын тос боловсруулах үйлдвэрийн хүнд даацын авто зам юм. Манай залуус чанарын өндөр түвшинд хийж гүйцэтгэн, улсын комисст сайн үнэлгээтэйгээр хүлээлгэж өгсөн. Энэ бол манай инженерийн цэргийнхний хоёр жилийн хугацаанд маш их хүч хөдөлмөр зарцуулан барьж байгуулсан Монгол Улсад анхны олон улсын В2 ангиллын хүнд даацын авто зам юм.
Үргэлжлүүлээд тун удахгүй Тавантолгой-Зүүнбаянгийн чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтын ажилд манай томилогдсон бүрэлдэхүүн оролцохоор бэлтгэл ажлаа хангаж байна. Гуравдугаар сарын 1-ний өдөр гэхэд гарна. Үүнтэй холбоотойгоор Хуурай замын цэргийн командлалын харьяа нэгтгэл, ангиудын сургалтын төлөвлөгөөнд тодотгол хийлээ. Бид өмнө нь жил бүрийн 3 дугаар сарын 20-ны өдрөөс хээрийн гаралтдаа гардаг байсан бол бүтээн байгуулалтад оролцохтой уялдуулан энэ жил 1 дүгээр сарын 20-ны өдрөөс 3 дугаар сарын 5-ны өдрийг хүртэлх хугацаанд хээрийн гаралтуудаа зохион байгуулахаар тун шахуу ажиллаж байна. Яг одоогийн байдлаар гэхэд ихэнх анги нь хээрийн гаралтаа дуусгаад, бууж эхлээд байна. Нэгтгэл, ангиудын хээрийн гаралтуудаас хамгийн онцлогтой нь Зэвсэгт хүчний 256 дугаар ангийнх юм. Учир нь 25 жил буудаагүй байсан тийрэлтэт артиллерийн батарейг гаргаж, буудлага хийх гэж байна. Энэ долоо хоногийн сүүлээр байлдааны буудлагаа хийх бөгөөд үүнтэй уялдуулан командлалаас мэргэжлийн тодорхой бүрэлдэхүүн тус ангид томилогдон ажиллаж байгаа. Түүнчлэн дурдах ёстой бас нэг чухал арга хэмжээ нь 2019-2020 оны зааг дээр командлалын харьяа нэгтгэл, ангиуд шинэ бүтэц, зохион байгуулалтад шилжсэн. Энэ бол үндсэндээ сүүлийн 20 жил хийгдээгүй нүсэр ажил байсан бөгөөд 2020 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс шинэ бүтэц, зохион байгуулалтаараа үүргээ гүйцэтгэж байна.

-Энэ нь ямар ач холбогдолтой вэ?
-Албан тушаалын нэршлийг нэг мөр болгох, ижил зэрэглэлтэй ангиудын албан тушаалтнуудын цалин, цолны зэрэглэлийг нэг мөр шийдэхэд маш чухал ач холбогдолтой. Хамгийн гол нь Зэвсэгт хүчнийг дайчилгаагаагаар өргөтгөн зохион байгуулах боломжийг судалж үзээд суурь бүрэлдэхүүнээ хадгалж байх, тайван цагт цэргийн бага мэргэжилтэн бэлтгэх нөхцөл, бололцоог нэмэгдүүлэх чиглэл рүү бүтэц, зохион байгуулалтаа ойртуулсан байгаа. Мөн Зэвсэгт хүчний гол цөм болсон ахлагч нар хэрэв ажилдаа гаршиж, мэргэжлийн зэрэгтэй байж чадвал “ТТ-9” хүртэл шатлан дэвших боломжийг олгож байна. Офицеруудын хувьд ч ялгаагүй тайван цагт улс орны аюулгүй байдал, тусгаар тогтнол, газар нутгийн бүрэн бүтэн байдлыг хангах, бэлэн байдлаа хангах зэрэг хуулиар хүлээсэн үүргээ биелүүлэхийг тодорхой зааж орууллаа. Нөгөө талаар энэхүү өөрчлөлтөөр Зэвсэгт хүчний ангид нэгээс хоёр салбар тайван цагийн бүтэц, бүрэлдэхүүнээрээ байлдааны цагийн үүрэг гүйцэтгэх боломж бий болж байгаа. Энэ нь үүрэг гүйцэтгэх чадавхыг нэмэгдүүлэх зорилт руу чиглэсэн арга хэмжээ гэж ойлгож болно. Үүнтэй уялдуулаад стратегийн төлөвлөлтийн олон баримт бичгүүд шинэчлэгдэнэ. Ялангуяа нэн тэргүүний ээлжинд командлалын оперативын дэлгэн байгуулалтын төлөвлөгөөг боловсруулна. Өнгөрсөн хугацаанд оперативын төлөвлөлтийн баримт бичгүүдийг бид ярьдаггүй байсан. Тэгвэл оперативын дэлгэн байгуулалтын төлөвлөгөө заавал байх ёстой гэсэн асуудлыг олон удаагийн команд штабын сургууль мөн стратегийн команд штабын сургуулиар дэвшүүлж санал нэгдсэн нь олзуурхууштай. Удахгүй болох стратегийн команд штабын сургуулиар энэ талаар нэгдсэн ойлголтод хүрэх байх. Цаашдаа өргөтгөн боловсруулаад аваад явах бүрэн боломж байна. Мөн энэ жилийн хувьд сургалт, дадлагад ашиглагдах байлдааны дүрэм, заавраа үргэлжлүүлэн боловсруулж, төгсгөлд нь эрх зүйн баримт бичгүүдээ эмхэтгэн үйл ажиллагаандаа мөрдөнө.

-Зэвсэгт хүчний удирдах бүрэлдэхүүний стратегийн цугларалтын үеэр Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн командлал 2020 оныг “Штабын бэлтгэлийг дээшлүүлэх жил” болгосноо зарлаж байсан. Энэ тухайд …
-Тийм ээ. Бид энэ жил штабын бэлтгэл болон удирдах бүрэлдэхүүний заах арга зүйг дээшлүүлэхэд онцгой анхаарна. Үүн рүү чиглэсэн олон арга хэмжээг төлөвлөж, эхнээсээ ажил хэрэг болгоод явж байгаа.

-Командлалын дагаж мөрдөх ёстой эрх зүйн баримт бичгүүдийг цэгцлэх ажил урагштай байгаа гэсэн. Энэ тухай тодруулахгүй юу?
-Бие даан үйл ажиллагаа явуулж эхэлснээс хойш Хуурай замын цэргийн командлалын дотоод журам, Хуурай замын цэргийн командлалын дүрэм, Хуурай замын цэргийн командлалын зөвлөлийн хурлын ажиллах журам, Хуурай замын цэргийн командлалын гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, сахилга, дэг журмыг бэхжүүлэх салбарын зөвлөлийн үйл ажиллагааны журам, Хуралдаан зохион байгуулах журам зэрэг баримт бичгүүдийг командлалын хэмжээнд бүрдүүлсэн. Мөн Хуурай замын цэрэгт мөрдөгдөх Артиллерийн байлдааны дүрэм, Цэргийн агаарын довтолгооноос хамгаалах дүрэм, Үй олноор хөнөөх зэвсгийн хангалтын заавар, Тактикийн тагнуулын заавар гэсэн баримт бичгүүдийг боловсруулж дуусгасан. Яг одоо Улсын хил хамгаалалтад Хуурай замын цэрэг дэмжлэг үзүүлэх журмын төслийг боловсруулаад холбогдох газруудаас санал авч байна. Цаашдаа Инженерийн хангалтын заавар, Сэтгэл зүйн хангалтын заавар, Артиллерийн гал удирдах дүрэм зэрэг олон баримт бичгүүдийг боловсруулах ёстой. Энэ ондоо багтан боловсруулж, хэрэглээнд оруулна гэсэн зорилттой ажиллаж байна.

-Нийгмийн хамгааллыг дээшлүүлэх чиглэлд …
-Офицер, ахлагчийн нийгмийн хамгааллыг дээшлүүлэх зорилгоор Батлан хамгаалах яамны дэмжлэгтэйгээр зөвхөн Хуурай замын цэргийн командлалын албан тушаалтны 30 айлын орон сууцыг барьж байна. “Монгол цэргийн өдөр”-ийн үеэр ашиглалтад орох болов уу. Саяхан барилгын явцтай танилцахад дотоод засалдаа орчихсон, 90 хувийн гүйцэтгэлтэй байна лээ. Албан тушаалын орон сууцыг шинээр барих болон засварлах ажил үүгээр дуусахгүй. Зэвсэгт хүчний 336 дугаар ангид ашиглалгүй удсан 58 айлын орон сууц бий. Батлан хамгаалахын сайд, аймгийн Засаг даргатай 2020 онд хамтран ажиллах гэрээ байгуулахдаа тэрхүү орон сууцыг хоёр талаасаа хөрөнгө гаргаад засварлана гэж тохирсон. Зэвсэгт хүчний 336 дугаар ангийн офицер, ахлагч нарыг оруулъя гэсэн байдлаар төлөвлөгөөнд тусгагдаад явж байна. Ер нь цаашдаа манай харьяа нэгтгэл, анги байрладаг орон нутгуудад албан тушаалын орон сууцыг барих талаар аймгуудын удирдлагуудтай хамтран ажиллах зайлшгүй шаардлага бий. Энэ чиглэлээр төлөвлөсөн ажлууд ч их байгаа.

Дэслэгч Д.БОЛОРМАА