ҮБХИС-Д DEEP “БАТЛАН ХАМГААЛАХ БОЛОВСРОЛЫГ ХӨГЖҮҮЛЭХ ХӨТӨЛБӨР” -ИЙН 2 ДАХЬ ШАТ ХЭРЭГЖИЖ ЭХЭЛЛЭЭ

DEEP “Батлан хамгаалах боловсролыг хөгжүүлэх хөтөлбөр” нь Батлан хамгаалах салбарын шинэчлэл, чадавхийг нэмэгдүүлэх хамтын ажиллагааны хүрээнд “Энхийн төлөө түншлэл” консерциумаас санаачлан хэрэгжүүлж буй орчин үеийн дэвшилтэт сургалтын арга зүй, инновацын туршлагыг түншлэгч орнуудын цэргийн мэргэжлийн боловсролын байгууллагуудад нэвтрүүлдэг урт хугацаатай хэрэгжүүлдэг цогц арга хэмжээний нэг юм.

Тус хөтөлбөрийн хүрээнд эхний шатны төсөл 2014-2016 онд ҮБХИС-д 3 жилийн хугацаатай амжилттай хэрэгжиж дууссан бөгөөд багшлах бүрэлдэхүүний заах арга зүй, мэргэжлийн ур, чадварыг дээшлүүлэхэд чиглэсэн сургалтуудыг үе шаттайгаар зохион байгуулсан. Ингэснээр NATO-гийн гишүүн орнуудын цэргийн сургалтын стандартыг олон улсын жишигт нийцсэн анхны Монголын штабын офицерын дамжаа /MSOC/-ны хөтөлбөрийг боловсруулж, туршилтын сургалт, дамжааг  зохион байгуулсан.

Үүнээс гадна DEEP хөтөлбөрийн олон улсад багшлах эрх бүхий хүчин төгөлдөр гэрчилгээтэй сургагч багш нарыг уг хөтөлбөрийн сургалтын үе шат бүрд амжилттай хамрагдсан багш нараас сонгон бэлтгэсэн нь бусад орнуудад хэрэгжүүлсэн хөтөлбөрөөс онцлог давуу талтай байсан юм.

Хөтөлбөрийн 2 дахь шатны төслийг өнгөрсөн оны 12 дугаар сарын 11-13-ны өдрүүдэд эхний онлайн сургалтыг явуулж Сургалтын хэлтсийн мэргэжилтэн, хошууч Д.Идэшноров, БХУА-ийн багш, ахлах дэслэгч Д.Батбаяр, БХМСҮТ-ийн Мэргэшүүлэх тэнхимийн дарга, тэргүүн ахлагч Ч.Мөнхтайван нар оролцлоо .

DEEP “Батлан хамгаалах боловсролыг хөгжүүлэх хөтөлбөр”-ийн 2 дахь шатны сургалт нь компьютер, мэдээллийн технологид суурилсан зайны болон танхимийн гэсэн хоёр хэлбэрээр явагдах юм. Эдгээр сургалтуудад биеэр болон цахим хэлбэрээр хамрагдах боломжтойгоос гадна НАТО-гийн гишүүн орнуудын цэргийн суралтын төлөвлөгөө боловсруулахад идэвхтэй сургалтын арга (Active Learning)-ыг хэрхэн ашиглаж буй туршлагаас хуваалцах, сургалтын хөтөлбөрийг үнэлэх, үр дүнд анализ хийх, сургах болон сурах арга барилыг эзэмшүүлэхэд НАТО-гийн сургууль, Энхийн төлөө түншлэл консерциумын мэдээллийн технологийн бааз, и-сургалтын орчин үеийн хэрэглэгдэхүүн, түүнийг ашиглах боломжийн талаар оролцогчидод дэлгэрэнгүй мэдээлэл өгөхөөс гадна дээрх программ /АPP, FLATFORM/-ыг үнэгүй ашиглах эрхтэй болж байгаагаараа онцлогтой ажээ.

Сар шинийн өмнөх өдрүүдэд орчин үеийн дэвшилтэт технологийг зайны сургалтад хэрэглэх аргачлал, тухайн программыг ашиглах эрх авах сургалтад ЦНДС-ийн багш, ахмад С.Мөнхсаруул, БХМСҮТ-ийн багш, сургагч ахлагч Л.Мөнх-Эрдэнэ, ГХСТ-ийн багш Д.Майцэцэг нарын 6 багш амжилттай оролцож гэрчилгээ гардаж авлаа.

Дараагийн сургалтууд 2021 оны 3 дугаар сарын 12-14, 19-21-ний өдрүүдэд дахин 2 удаа зохион байгуулагдах бөгөөд багшлах бүрэлдэхүүнээс дараагийн 6 багш хамрагдахаар бэлтгэл ажил хангагдаад байна.

СУРГАЛТЫН ХЭЛТЭС