БАЙГУУЛЛАГЫН ТЭТГЭЛГЭЭР 3 ОЮУТАН ШАГНАГДЛАА

ҮБХИС-ийн Аюулгүй байдлын дээд сургууль ЦУКУБА ХХК-тай хамтын ажиллагааны гэрээг 2021-2022 оны хичээлийн жилээс эхлэн 5 жилийн хугацаатай байгуулснаар дараах үйл ажиллагааг хамтран зохион байгуулах бүрэн боломж нээгдлээ. Үүнд:

  • Шинжлэх ухаан технологийн дэвшлийн асуудлаар эрдэм шинжилгээ, судалгааны ажлыг хамтран гүйцэтгэх, харилцан мэдээлэл солилцох, ур чадварын уралдаан хамтран зохион байгуулж шалгаруулалтад шагналт байр эзэлсэн төгсөгчдийг ажлын байраар хангах;
  • АБДС-ийн сургалтын гарын авлага, стандарт хөтөлбөр, чадамж, үр дүнд суурилсан хөтөлбөр, сургалтын бичиг баримт боловсруулах зэрэг ажлыг хийх, боловсруулах, шүүмж санал авахад Дадлагажуулагч талын дадлага туршлагатай, өндөр мэргэжлийн Инженер, Механикуудыг татан оролцуулах;
  • Төгсөгчдийг ажлын байраар хангах асуудлыг хамтран зөвшилцөх;
  • “Авто инженер” хөтөлбөрөөр суралцагч оюутнуудын танилцах, мэргэжлийн болон үйлдвэрлэлийн дадлагыг үр дүнтэй хийхэд хамтран ажиллах зэрэг үйл ажиллагааг зохион байгуулах юм.

Энэхүү хамтын ажиллагааны хүрээнд албан ёсны ажил хэргийн 2 дахь удаагийн уулзалтыг 2021 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр Аюулгүй байдлын дээд сургууль дээр зохион байгууллаа.

Уулзалтад ЦУКУБА ХХК-ий ерөнхий инженер С.Цогтбаяр, хүний нөөцийн ахлах менежер С.Цолмон, АБДС-ийн захирал, доктор (Ph.D), хурандаа Э.Нацагдорж, ИМТ-ийн дарга Л.Мянгандаш, анги удирдсан багш Б.Дарханцэцэг, Нийгмийн ажилтан Л.Шинэтуяа нар оролцлоо.

Тус хөтөлбөрөөр суралцагч 42 оюутнаас өөрийн санаачилга, идэвх зүтгэл, суралцах чадвар, хандлага төлөвшил, ёс зүйгээрээ бусдыгаа манлайлан “Авто инженер” хөтөлбөрийн 4б ангийн дарга Ганбаатар овогтой Амарбаясгалан, оюутан Мөнхбат овогтой Наранбат, Доржпүрэв овогтой Дашдондов нар 1 жилийн сургалтын төлбөрийн тэтгэлгээр шагнагдлаа.

АБДС болон ЦУКУБА ХХК хоорондын үйл ажиллагаа нь ажил олгогч, төгсөгч, багш, оюутан хоорондын ажлын уялдаа холбоог сайжруулсан үр дүнд суурилсан боловсролыг хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан чухал хөтөлбөрүүдийн нэг болж байна.