БХЯ-ны захиалгат “Гадаад хэлний дамжаа”-ны нээлт боллоо

ҮБХИС-ийн Гадаад хэлний сургалтын төвд зохион байгуулагдаж буй БХЯ-ны захиалгат “Гадаад хэлний дамжаа”-ны нээлт 9 дүгээр сарын 27-ны өдөр ҮБХИС-ийн олон улсын хурлын “Сүбэдэй” танхимд боллоо. Энэ хичээлийн жил Батлан хамгаалахын сайдын тушаалаар нийт гадаадын 6 хэлний дамжаанд төрийн цэргийн байгууллагуудын алба хаагч нар  хамрагдаж байна.

Нээлтийн үйл ажиллагаанд ҮАБЗ-ийн Ажлын албаны стратегийн бодлогын хэлтсийн дарга, доктор, хурандаа Р.Энхболд, ҮБХИС-ийн цэргийн алба, сургалт хариуцсан тэргүүн дэд захирал, доктор, хурандаа Б.Энхзоргол, ҮБХИС-ийн сургалтын хэлтсийн ахлах мэргэжилтэн,  доктор, хошууч Д.Идэшноров, ҮБХИС-ийн ГХСТ-ийн дарга, дэд хурандаа М.Хонгорзул болон ГХСТ-ийн багш нар, суралцагчид оролцлоо.

Энэ удаагийн сургалтын нээлтэд ГХСТ-ийн багш нар өөрсдийн заадаг нийт 7 хэлээр гадаадын цэргийн сургуульд суралцахаар очиж буй цэргийн алба хаагчийн сургуульдаа очих замд тааралдаж буй хүмүүс хэрхэн олон хэлээр харилцаж байгааг дүрслэн үзүүлсэн нь идэвхийлэн суралцах сэдэл боллоо.

Мөн ҮАБЗ-ийн Ажлын албаны стратегийн бодлогын хэлтсийн дарга, доктор, хурандаа Р.Энхболд “Гадаад хэл сурахын ач холбогдол” сэдвээр өөрийн туршлага, сургамжаа хуваалцсан болон ОУУБИС-ийн гэр бүл, сэтгэл судлалын тэнхимийн эрхлэгч, доктор, дэд профессор Б.Оюун-Эрдэнэ “Сэтгэл зүйн эрүүл мэндээ хамгаалах нь” сэдвээр лекц, мэдээлэл хүргэсэн нь багш, суралцагчдад цаашид суралцах идэвхи, тууштай байдалд нөлөөлсөн ажил боллоо.

Гадаад хэлний сургалтын төв