“ЗҮҮН ХОЙД АЗИЙН АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДАЛ” СЭДЭВТ ХУРАЛ БОЛЖ БАЙНА

Монгол Улсын Батлан хамгаалах яам, Үндэсний батлан хамгаалах их сургууль, Батлан хамгаалах эрдэм шинжилгээний хүрээлэн хамтран 2013 оноос эхлэн жил бүр Зүүн хойд Азийн аюулгүй байдлын тулгамдсан асуудлаар олон улсын эрдэм шинжилгээний хурлыг зохион байгуулж ирсэн. Энэ удаагийн хурлыг “Зүүн хойд Азийн аюулгүй байдлын тулгамдаж буй асуудал” сэдвээр ҮБХИС-ийн Сүбээдэй танхимд өнөөдөр зохион байгуулж байна.
Тус хуралд Батлан хамгаалахын дэд сайд Б.Баярмагнай, Ерөнхийлөгчийн Аюулгүй байдал, батлан хамгаалах бодлогын зөвлөх, поктор, дэд профессор, бригадын генерал Д.Баасандамба, ЗХЖШ-ын дарга хошууч генерал С.Ганбямба болон Ерөнхийлөгчийн Тамгын газар, ҮАБЗ-ийн ажлын алба, Батлан хамгаалах яам, Гадаад хаилцааны яам, Боловсрол шинжлэх ухааны яам, ЗХЖШ, Шинжлэх ухааны академи, НҮБ, УИХ-ын дэргэдэх Парламентын судалгаа, судлалын хүрээлэн, Аюулгүй байал судлалын хүрэлэн, Гамшиг судлалын хүрээлэн, МУИС, ДХИС, ХУИС, Монголын дипломатын академи, ТББ, “Хятад судлал” ТББ-ын төлөөллөөс гадна ОХУ, БНХАУ, Япон Улс, БНСУ-ын зочин илтгэгчид, Монгол Улсад гадаад улсаас суугаа батлан хамгаалахын атташе нар оролцлоо.
Энэ жил бүс нутгийн аюулгүй байдлын орчинд тулгамдаж буй асуудлууд, тэдгээрийг шийдвэрлэх, итгэлцлийг бэхжүүлэхэд Зүүн хойд Азийн улсуудын оролцоо, тэдгээрийн санал, бодлыг сонсох, харилцан санал, солилцох зорилгоор 10 дахь удаагаа зохион байгуулагдаж буй тус хурлын эхэнд Батлан хамгаалахын дэд сайд Б.Баярмагнай баяр хүргэж, үг хэлэв.
Тэрээр “Зүүн хойд Азийн бүс нутагт дэлхийн улс төр, эдийн засгийн хөгжлөөр тэргүүлэгч, хүчирхэг армитай, цөмийн зэвсэгтэй гүрнүүд оршин тогтнож, нийгэм, төрийн харилцан адилгүй өөр тогтолцоотой улс орнууд зэрэгцэн байрладаг хэдий ч тэдгээрийн аюулгүй байдлын хамтын механизм харилцан бүрдээгүй, улс хоорондын маргаантай асуудлууд цөөнгүй оршсоор байгаа нь Бид бүхний анхаарах асуудлын нэг хэвээр байна.
Мөн өнөөгийн дэлхийн аюулгүй байдлын орчин хурцадмал, ээдрээтэй байгаагийн зэрэгцээ улс гүрнүүдийн хоорондын хамаарал, бодлого, чиглэлийн уялдаа холбоо улам бүр өсөн нэмэгдэж, аливаа чухал асуудал, түүний дотор бүс нутгийн энх тайван, аюулгүй байдлыг сахин хамгаалах, бататган бэхжүүлэхасуудлуудыг шийдвэрлэх арга замыг эрэлхийлэх, хамтран ажиллах, санал санаачилга гаргах нь нэн чухал байгааг Бид сайн мэдэж байгаа.
Энэ үед бүс нутгийн улс орнуудын цаашдын хамтын ажиллагаа, геополитикийн санал, санаачилгад бидний уламжлал болгон зохион байгуулж ирсэн энэхүү хурал аюулгүй байдлын асуудлаар тодорхой үр дүнд хүрэхүйц болж, хамтын ажиллагаа, итгэлцлийг бэхжүүлэхэд түлхэц үзүүлэх болно гэж үзэж байгаагаа хэлье” гэж онцоллоо.
Мөн ЗХЖШ-ын дарга хошууч генерал С.Ганбямба “Зүүн хойд Азийн аюулгүй байдал ба Монгол Улсын “Гуравдагч хөршийн бодлого”, Ерөнхийлөгчийн аюулгүй байдал, батлан хамгаалах бодлогын зөвлөх бригадын генерал Д.Баасандамба “Зүүн хойд Азийн аюулгүй байдлын орчинд тулгамдаж буй асуудал” зэрэг сэдвээр илтгэл тавьж, бүс нутгийн чухал асуудлуудыг хөндлөө.