ИХ СУРГУУЛЬ ДАЙЧИН ХӨВГҮҮДЭЭРЭЭ БАХАРХАЖ БАЙНА

Цэрэг хүү сонс эргэхэд найз охин нь дуу алдан хамтдаа тоолно, аавын тухайн дуу дуулахад танхим дахь аавууд нулимсаа дотогш залгин сонсоно, ээждээ зориулсан чин сэтгэлийн угаас шүлгээ уянгалуулахад ээжүүд нулимсаа нуулгүй сад тавин уярч хайлна, малгай өндөрлөн байж модон морин дээгүр харайхад спорт заал тэр чигээрээ уухай хадаана…
ҮБХИС-ийн Харуул үйлчилгээний ротод 2022 оны II ээлжээр татагдан ирсэн хугацаат цэргийн алба хаагчид өнгөрсөн нэг жилийн хугацаанд эзэмшсэн цэргийн хэргийн мэдлэг, жагсаалын болон бие бялдрын бэлтгэлжилтийн түвшингээ аав ээж, ар гэрийнхэндээ харуулах, тэднээр дамжуулан хүүхэд залууст цэрэг, эх оронч үзлийг түгээн дэлгэрүүлэх, иргэн-цэргийн харилцааг бэхжүүлэх дэлгэр зорилготой Нээлттэй хаалганы өдөрлөг санасан сэтгэлээ дэвтээсэн, сурсан мэдсэнээрээ бахадсан, ээж аавын хүү эх орны хүү болсноо илтгэсэн халуун дулаан уур амьсгал дунд ийнхүү боллоо.
Энэхүү өдөрлөгийн үеэр ҮБХИС-ийн сургалтын зарим зэвсэг, инновацын бүтээгдэхүүнийг дэлгэн харуулснаас гадна хугацаат цэргийн алба хаагчид жагсаалын болоод гардан тулааны үзүүлбэр, цэрэгжилийн гимнастикийн олон төрлөөр ур чадвар авхаалж самбаагаа гайхуулж, мөн урлагийн мэндчилгээ дэвшүүлсэн юм. Түүнчлэн, дайчдын ар гэрийн төлөөлөл хугацаат цэргийн алба хаагчдын байрны орчин нөхцөлтэй танилцаж, цэргийн хоол амталсан юм.
Бид энэ үеэр ҮБХИС-ийн удирдлага, хугацаат цэргийн алба хаагч болон тэдний ар гэрийн төлөөллөөс сэтгэгдлийг нь сонирхсон юм.
ҮБХИС-ийн Сургалт, цэргийн алба хариуцсан тэргүүн дэд захирал, доктор, хурандаа Б.ЭНХЗОРГОЛ:
– Жилийн дөрвөн улирлын туршид халуун хүйтэн, хатуу бэрх гэлгүй цэргийн албаа хааж, өргөсөн тангаргийнхаа үг бүрийг ухамсарлан ойлгосон, зайлшгүй тохиолдолд эх орноо батлан хамгаалах бэлтгэл үүрэгтнүүдийг бид ийнхүү бэлтгэлээ. Тэр тусмаа 102 жилийн түүхтэй, төрийн гурван одонтой, жанжин Д.Сүхбаатарын нэрэмжит алдар түүхтэй ийм эрдмийн сургуулийн орчинд цэргийн албаа хаасан хөвгүүдээрээ өнөөдөр үнэхээр бахархаж байна. Хэдхэн хоногийн дараа дайчид маань цэргээс халагдан гэртээ очиж, зарим нь их сургуульдаа үргэлжлүүлэн суралцаж, зарим нь хүсэл мөрөөдлийнхөө цоо шинэ аянд мордоно. Цэргийн албаа дүүргэж байгаа залуустаа амжилт хүсье. Их сургууль та бүхнийг мартахгүй.
Багануур дүүргийн Мэргэжлийн хяналтын газрын мэргэжилтэн Я.ГАНДИМАА:
– Миний хүү Г.Сумъяабалдан минь ганцхан жилийн хугацаанд их өөрчлөгдсөн. Манайх дөрвөн хүүхэдтэй. Би чинь том хүүгээ цэрэгт явуулсан болохоор маш их догдолж, хүүтэйгээ л хамт цэргийн алба хаалаа шүү дээ. Үнэхээр баярлаад баярын нулимс гардаг юм байна. Аав ээж нь, гурван охин дүү нь хүүгээ, ахыгаа л харж бахархаж байна. Хүү минь туялзуур сэлмийн тамирчин. Ер нь нийгмийн идэвх сайтай нь цэргийн албанд ирээд ч хэвээрээ байна, бүр ч задарсан бололтой. Тулааны үзүүлэх тоглолт үзүүллээ, урлаг, спортын үзүүлбэрт бүгдэд нь л оролцож байна. Цол ч нэмлээ. Хүүгээрээ бахархаж байна.
Түрүүч П.Гантогтохын гэргий С.БАЛЖИННЯМ:
– Манай нөхөр 26 настай. Яагаад ч юм өмнө нь цэрэг татлагаар ороод явдаггүй байсан. Гэтэл өнгөрсөн жил ороод явахаар болчихсон. Эр хүний хаах ёстой алба юм чинь яваад ир дээ гээд үдсэн ч энэ нэг жилийн хугацаа маш урт санагдаж байлаа. 1-8 насны гурван хүүхэдтэйгээ үлдсэн болохоор их хичээсэн. Одоо ч тавхан хоног үлдлээ дээ. Ханиараа маш их бахархаж байна. Өөрөө насаараа хамгийн хөгшин нь гээд байсан ч хамт алба хаасан залуусаасаа илүү гарна уу гэхээс дутах юм харагдсангүй. Охид маань аав руугаа гүйчих гээд сандруу л байна.
Түрүүч С.ГАНЗОРИГ:
– Карантиныхаа 45 хоногийг дуусгаад түрүүч цолоо авсан. Цэргийн алба хаах хугацаандаа өөртэйгөө болон үе тэнгийн онжавуудтайгаа тулж харьцсан. Анх өөрийгөө ч гүйцэд бүрэн дүүрэн танилцуулж чаддаггүй бүрэг байсан бол одоо үүрэг тавих, анд нөхдөдөө яриа хийх зэргээр маш их level ахисан. Бас цагийн хуваарилалт, төлөвлөлтийг сайн хийдэг болсон. Өмнө нь би аав ээж, дүү нараасаа ингэж удаан хугацаагаар холдож үзээгүй болохоор цэргийн албаны хугацаа тэдний минь үнэ цэнийг надад ойлгуулж өглөө.
Харуул үйлчилгээний ротын I салааны орлогч түрүүч З.БИЛГҮҮНЭЭ:
– Цэргийн алба хааснаар миний амьдрал, хувийн орон зайд маань маш том өөрчлөлт гарсан. Цэрэгт ирэхээс өмнө би дөрвөн хананы дунд хашигдмал байдалтай байснаа ойлгосон. Энд ирээд маш олон найзтай боллоо, хүнийг ялгаж таниж сурлаа. Амьдралын төлөвлөлт, сонголт ямар чухал болохыг ойлголоо. Өнөөдөр бол цэргийн алба гэдэг ямар бахархам болохыг бардам хэлж чадахаар боллоо. Би багаасаа эмч болохыг мөрөөддөг байсан ч цэрэгт ирээд бодлоо цэгцэлж, мөн ДХИС-иас багш нар ирж, уулзалт хийсний дараа цагдаа болохоор эргэлт буцалтгүй шийдсэн байгаа. Эмч хүн хүнийг эмнэдэг бол цагдаа нийгмийг эрүүлжүүлдэг шүү дээ. Ер нь Монгол Улсынхаа сайн сайхны төлөө зүтгэсэн л хүн болно доо.
Онжавууд гэдэг баяр гуниг, жаргал зовлон, инээд нулимсны дунд ижилдэн дассан нөхөд юм даа. Харуул үйлчилгээний ротын 1, 2, 3 дугаар салааны бүх онжавууддаа баяр хүргэе.