МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ ЕРӨНХИЙ КОМАНДЛАГЧИЙН НЭРЭМЖИТ ТЭМЦЭЭНЭЭС “ХОС МӨНГӨН МЕДАЛЬ” ХҮРТЛЭЭ

  Монгол Улсын Ерөнхийлөгч Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчийн нэрэмжит Төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын цэргийн алба хаагчдын дунд зохион байгуулсан “Марш-тусгай бэлтгэлийн цогцолбор-2022” тэмцээн “Таван толгой” дахь Зэвсэгт хүчний Сургалтын нэгдсэн төвд 2022 оны 05 дугаар сарын 20-24-ны өдрүүдэд амжилттай явагдаж шилдгүүдээ тодрууллаа.

Тэмцээний шагнал гардуулах ёслолын ажиллагаанд Монгол Улсын Ерөнхийлөгч Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Ухнаагийн Хүрэлсүх, Үндэсний Аюулгүй Байдлын Зөвлөлийн нарийн бичгийн дарга Ж.Энхбаяр, Ерөнхийлөгчийн Аюулгүй байдал, батлан хамгаалах бодлогын зөвлөх, бэлтгэл дэслэгч генерал Ц.Тогоо, Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр, ЗХЖШ-ын дарга, дэслэгч генерал Д.Ганзориг нарын хүндэт зочид болон төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын удирдлага, бие бүрэлдэхүүний төлөөлөл, хэвлэл мэдээллийн байгууллагуудын ажилтнууд оролцлоо.

Тус тэмцээнд 12 байгууллагын 800 гаруй цэргийн алба хаагчид мэргэжлийн ур чадвар, авхаалж самбаа, хурд хүч, тэсвэр хатуужлаа сорин өрсөлдсөн юм.

ҮБХИС-ийн тамирчдын хувьд Хугацаат цэргийн алба хаагчидтай салааны  төрөлд ахмад Т.Бямбацогт захирагчтай салаа мөнгөн медаль хүртсэн бол ахлах ахлагч П.Ганзаяа захирагчтай эмэгтэй тасаг мөн II байрт шалгарч мөнгөн медалийн эзэд боллоо.

Цэргийн алба хаагчдын бэлэн байдал, мэргэжлийн ур чадвар, авхаалж самбаа, эр зориг, тэсвэр хатуужлыг сорьдог энэхүү тэмцээнд оролцож мөнгөн медаль хүртсэн ахмад Т.Бямбацогт захирагчтай салааны бие бүрэлдэхүүн, ахлах ахлагч П.Ганзаяа захирагчтай эмэгтэй тасгийн хамт олонд сургуулийн удирдлага, эрдмийн хамт олны өмнөөс халуун баяр хүргэж, цаашдын албанд нь амжилт хүсье.

Анх 2007 онд зохион байгуулагдсан энэхүү тэмцээн нь өмнөх жилүүдэд 2 жилд 1 удаа зохион байгуулагдаж байсан бол энэ жилээс жил бүр уламжлал болгон зохион байгуулагдахаар болжээ.

Монгол Улсын Ерөнхийлөгч Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчийн нэрэмжит Төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын цэргийн алба хаагчдын дунд зохион байгуулсан “Марш-тусгай бэлтгэлийн цогцолбор-2022” тэмцээний мөнгөн медальт, ахмад Т.Бямбацогт захирагчтай салааны бие бүрэлдэхүүн ҮБХИС-ийн захирал, бригадын генерал П.Жаргалангийн хамт.

Мөнгөн медальт ахлах ахлагч П.Ганзаяа захирагчтай эмэгтэй тасгийн хамт олон.