“ШИНЭ БАГШИЙГ ЧИГЛҮҮЛЭХ СУРГАЛТ” ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

ҮБХИС-ийн Багшийн хөгжил, цахим сургалтын төвөөс “Шинэ багшийг чиглүүлэх сургалт”-ыг 2023 оны 09 дүгээр сарын 20-21-ний өдрүүдэд зохион байгууллаа. “Шинэ багшийг чиглүүлэх сургалт” нь ҮБХИС-д шинээр ажилд орсон багш нарт сургуулийн хөгжлийн стратеги, академик байгууллагын зорилго, онцлог соёл, ёс зүйн хэм хэмжээ, багш мэргэжлийн үнэ цэнэ, их сургуулийн багшид тавигдаж байгаа шаардлага, шинэ багшид тулгамдаж буй асуудал, эрдэм шинжилгээ, сургалт, судалгааны ажлын талаарх санал бодлыг сонсож, тэднийг ажлын байранд хөгжихөд дэмжлэг үзүүлэх зорилготой. Сургалтад ҮБХИС-ийн бүрэлдэхүүн сургуулиудад шинээр томилогдсрн 13 багш хамрагдсан бөгөөд чиглүүлэх сургалтаар их сургуулийн дотоод дүрэм журам, төрийн болон албаны нууцыг хамгаалах, цалин хөлстэй холбоотой мэдээлэл, танилцуулгийг хийлээ. Түүнчлэн сургалт, эрдэм шинжилгээний арга зүй, оюутантай харилцах харилцаа, багшийн ёс зүй, сургалтын шинэ чиг хандлага болох хосолсон сургалт, цахим хичээл бэлтгэх арга зүйн талаар сургалт орлоо. ҮБХИС-ийн Сургалт, цэргийн алба хариуцсан тэргүүн дэд захирал, доктор (Ph.D) хурандаа Б.Энхзоргол сургалтад хамрагдсан нийт багш нарт ГЭРЧИЛГЭЭ гардуулж, цаашдын багшлахуйн их үйлсэд нь амжилт хүссэнээр тус сургалт өндөрлөв.