ҮНДЭСНИЙ БАТЛАН ХАМГААЛАХЫН ИХ СУРГУУЛИЙН СУРГАЛТЫН ХЭЛТСИЙН АХЛАХ МЭРГЭЖИЛТЭН, АХМАД С.МӨНХСАРУУЛТАЙ 2023-2024 ОНЫ ХИЧЭЭЛИЙН ЖИЛД ЭЛСЭЛТ АВАХ ХӨТӨЛБӨРҮҮДИЙН ТАЛААР ЯРИЛЦЛАА

Үндэсний батлан хамгаалахын их сургууль 2023-2024 оны хичээлийн жилд ямар хөтөлбөрүүдээр элсэлт авах вэ?
Үндэсний батлан хамгаалахын их сургууль нь 2023-2024 оны хичээлийн жилд цэргийн мэргэжлийн бакалаврын 15, иргэний чиглэлийн бакалаврын 8, мэргэжлийн боловсролын 16 хөтөлбөртөө тус тус элсэлт авахаар бэлтгэж байна.
Цэргийн мэргэжлийн бакалаврын 15 хөтөлбөрөөс “Ерөнхий цэргийн команд”, “Артиллери”, “Холбооны инженер”, “Радиотехникийн команд” хөтөлбөрүүд нь боловсролын байгууллагын хөтөлбөрийн магадлан итгэмжлэлд хамрагдсан магадлан итгэмжлэгдсэн хөтөлбөрүүд юм. Үүнээс гадна Боловсрол, шинжлэх ухааны яамнаас тогтоосон эрэлттэй мэргэжлүүдийн жагсаалтад цэргийн мэргэжлийн болон иргэний чиглэлийн бакалаврын хөтөлбөрүүдээс багтсан онцлогтой.
Үндэсний батлан хамгаалахын их сургуулийн Цэргийн хөгжмийн политехник коллеж нь мэргэжлийн боловсролын хөтөлбөртөө ерөнхий боловсролын 9 дүгээр анги төгссөн, хөгжмийн авьяастай сурагчдыг элсүүлэн 2,5 жил суралцуулж, мэргэжлийн болон бүрэн дунд боловсрол олгоно. Мөн 1,5 жил үргэлжлүүлэн суралцагчдад техникийн боловсролын диплом олгоно.
Үндэсний батлан хамгаалахын их сургуульд суралцсанаар сонсогч, оюутан, сурагч нар ямар давуу тал эдлэх боломжтой вэ?
Аюулгүй байдлын дээд сургуулийн бакалаврын хөтөлбөрийн нэг, хоёр дугаар ангид суралцаж байгаа оюутнуудаас ОХУ, БНХАУ, ХБНГУ, ТУРК УЛС, БНЭУ, ЯПОН УЛС, БНСУ зэрэг орнуудтай байгуулсан гэрээний дагуу БХЯ, ЗХЖШ-аас ирүүлсэн захиалгыг үндэслэн дээрх улсуудын цэргийн сургуулиудын сонгон шалгаруулалтад оролцуулж тэнцсэн тохиолдолд үнэ төлбөргүй суралцах боломжтой. Өнөөдрийн байдлаар ОХУ болон ХБНГУ-д суралцах суралцагчдын сонгон шалгаруулалтын бүртгэл эхлээд байна.
Цэргийн мэргэжлээр суралцаж байгаа сонсогчдын суралцах хугацааны сургалтын төлбөр, цэргийн дүрэмт хувцас, дотуур байр, хоолны зардлыг төр хариуцна. Мөн суралцах хугацаандаа стипенд авахаас гадна суралцсан хугацаа нь ажилласан жилд тооцогддог. Мэдээж ажлын байраар 100% хангагдана.
Манай Үндэсний батлан хамгаалахын их сургуульд суралцахыг урьж байна.
Баярлалаа.