“ABU-ROBOCON 2021” Олон улсын роботын тэмцээнд ҮБХИС-ийн “АРАВТ” баг амжилттай оролцлоо

2021 оны 12 сарын 12-ны өдөр Ази-Номхон далайн орнуудын өргөн нэвтрүүлгийн холбооноос “ABU-ROBOCON 2021” олон улсын роботын тэмцээн 20 дах удаагаа зохион байгуулагдаж цахим хэлбэрээр явагдлаа. Тэмцээнд тус холбооны гишүүн орнуудаас 12 улсын 21 багийн оюутнууд, өөрсдийн зохион бүтээсэн роботуудаар сав руу сум шидэх даалгавар гүйцэтгэж өрсөлдөв.     Монгол Улсаас ҮБХИС-ийн АРАВТ, ШУТИС-ийн Цахим-Алт багууд эх орноо төлөөлөн оролцлоо.

Цахим тэмцээнд Монгол Улсаас оролцогч багууд ҮБХИС-ийн “Алтан-Илд” спорт цогцолбороос зохион байгуулагч улс, бусад оролцогчтой “VooV_meeting” платформоор Монголын Үндэсний телевиз шууд дамжуулалт хийв.

Тэмцээнд оролцогч 21 баг 2 тойргоор тоглож, тус бүр 2 удаа “Сав руу сум шидэх даалгавар”-ыг гүйцэтгэн 80 оноо цуглуулан өрсөлдөж, дундаж оноогоор аварга багийг шалгаруулсан юм. ҮБХИС-ийн “Аравт” баг 1-р тойрогт 34 оноо, 2-р тойрогт 51 оноо цуглуулан нийт 42.5 оноо авч 18 дугаар байрт шалгарлаа.

“Аравт” баг бэлтгэлээ 2021 оны 03 сарын 15-аас 12 сарын 11 хооронд хийж робот техник зохион бүтээх, зүгшрүүлэх ажилд 9 багш, 28 сонсогч, оюутан, нийт 180 орчим ажилтан, алба хаагч оролцлоо.

Нийт оюутнууд бэлтгэлийн туршид механик хийцийн загварчлал, тооцоог “SOLIDWORKS-2021” програм ашиглан гүйцэтгэсэн. Механик хийц, боловсруулалтыг металл боловсруулалтын, гагнуурын, 3D хэвлэлийн технологид тулгуурлан бүтээв.

Электрон удирдлагын системийг бүтээхдээ микропроцессор ба микроконтроллёрын системийг нарийвчлан судалж Arduino, Pololu зэрэг плат форм, хэвлэмэл хавтангийн технологи, удирдлагын PID арга,  утасгүй холболтын WIFI  технологид тулгуурлан загварчлан туршиж, зүгшрүүлэн ажилласан.           Сонсогч, оюутнууд Arduino IDE, Proteus, Layout, Altium Design, Ultimaker Cura зэрэг програмуудыг шинээр сурч ҮБХИС-ийн “Аравт” баг анх удаа олон улсын тэмцээнд амжилттай оролцож туршлага, сургамж хуримтлууллаа.

“ABU-ROBOCON 2021” тэмцээнд оролцоход дэмжин тусалсан ҮБХИС-ийн удирдлага, эрдмийн хамт олондоо талархал илэрхийлье.