МОНГОЛ УЛСЫН БАТЛАН ХАМГААЛАХЫН САЙДЫН МЭНДЧИЛГЭЭ

Монгол Улсад шинэ цагийн боловсрол, соён гэгээрүүлэх их үйлсийг эхлүүлсэн нэгэн зууны түүхэн замналтай Сүхбаатарын болон Байлдааны гавьяаны улаан тугийн одон, Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонт жанжин Д.Сүхбаатарын нэрэмжит Үндэсний батлан хамгаалахын сургуулийн эрхэм хүндэт багш, сурган хүмүүжүүлэгч, эрдэмтэн судлаачид Та их бүхэндээ “Монголын багш нарын өдөр”-ийн баярын мэндчилгээг өргөн дэвшүүлье.
Монголчууд бид эрдэм ном эрхэм баян хэмээж, багшаа хүндлэн дээдэлж, багш, шавийн барилдлагыг дээдэлдэг нандин уламжлалтай ард түмэн билээ.
Эх орноо батлан хамгаалах ирээдүй хойч үеийг мэдлэг, боловсролтой төдийгүй эрүүл чийрэг бие бялдартай, зөв хүмүүжил, ёс суртахуун, төлөвшилтэй, эх оронч, үндэсний бахархалтай болгон хөгжүүлэх үйлсэд эрдэм мэдлэг, авьяас чадвар, хүч чадлаа дайчлан ажиллаж байгаа Та бүхнээрээ бид ямагт бахархаж байдаг юм.
Монгол Улсын төр засгаас их, дээд сургууль, мэргэжлийн боловсролын байгууллагуудын үйл ажиллагаанд чанарын удирдлагын тогтолцоо, инновацын менежментийг нутагшуулах, эрдэм шинжилгээ, боловсрол. сургалтын агуулга, арга зүйг олон улсын жишигт хүргэх, судалгааны болон судалгаанд суурилсан их сургууль болгон хөгжүүлэх бодлогыг баримталж байна.
Улс орны тогтвортой хөгжил, аюулгүй байдлыг хангахад шаардлагатай батлан хамгаалах чадавхыг бүрдүүлэхэд дэмжлэг үзүүлэх, боловсрол, эрдэм шинжилгээ, хүний хөгжлийн орчин үеийн цогц орчинг үе шаттайгаар хөгжүүлж, олон улсын нийтлэг жишигт ойртсон судалгаанд суурилсан их сургууль болох эрхэм зорилгыг хэрэгжүүлэхэд багш, сурган хүмүүжүүлэгч, эрдэмтэн судлаачдын гүйцэтгэх үүрэг чухал юм.
Мэдээллийн технологийн хөгжлийн эрин зуун, өдрөөс өдөрт хувьсан өөрчлөгдөж буй олон улсын нөхцөл байдлаас шалтгаалж уламжлалт батлан хамгаалах боловсрол шинэ сорилттой тулгарч, биднээс зорилгодоо хүрэх шинэ арга барил, удирдлага, төлөвлөлт, менежмент, арга зүй шаардаж байна.
Монгол Улсын Их Хурлын чуулганаар Боловсролын багц хуулийг хэлэлцэн баталлаа. Энэхүү хуульд нийцүүлэн батлан хамгаалах салбарын чадварлаг, хөрвөх чадвар бүхий, олон улсын жишигт нийцсэн хүний нөөцийг сургаж бэлтгэх тогтолцоонд тодорхой өөрчлөлт гарч, үүний хүрээнд Үндэсний батлан хамгаалахын их сургуульд цогц шинэчлэл хийгдэнэ гэж харж байна.
Багш хэмээх хүндтэй бөгөөд хариуцлагатай үүргийг нэр төртэй биелүүлж яваа ҮБХИС-ийн нийт багш нартаа хүндэтгэл, талархлаа илэрхийлж, эрдмийн гэгээн үйлсэд нь их амжилт хүсэн ерөөе.
ЭРДЭМ НОМЫН ЦАГААН БУЯН ҮҮРД ДЭЛГЭРЧ,
ЭХ ОРНОО БАТЛАН ХАМГААЛАГЧДЫН ЯРУУ АЛДАР МӨНХӨД ДУУРСАГДАХ БОЛТУГАЙ.
МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ГИШҮҮН
БАТЛАН ХАМГААЛАХЫН САЙД, ДЭСЛЭГЧ ГЕНЕРАЛ ГҮРСЭДИЙН САЙХАНБАЯР